МОНГОЛ, ИТАЛИЙН БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙН ЕРТӨНЦ: Уур амьсгалын өөрчлөлт ба орчин үеийн сорилтыг даван туулахуй
1. Сүрэг хаашаа хөтөлнө
Монгол, Италийн бэлчээрийн мал аж ахуйн ертөнц: Уур амьсгалын өөрчлөлт ба орчин үеийн сорилтыг даван туулахуй
Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын эв найрамдал, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон энэхүү үзэсгэлэн нь “Монголын нүүдэлчдийн бууц суурин: Салбар дундын хэтийн төлөв” төслийн хүрээнд хэрэгжиж буй хамтын ажиллагааны үр дүн юм. Тус төслийг Италийн Этно-археологийн холбоо (AIE), Газар дундын тэнгис болон Дорно дахины судлалын олон улсын холбоо (ISMEO), ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн (IISNC) нар хамтран толилуулж байна.
Тус үзэсгэлэнг Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яам, Италийн Соёлын хүрээлэн, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Европын Холбоо, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ийн санхүү болон халуун сэтгэлийн дэмжлэгтэйгээр дэглэв.
Монголын уудам тал нутгаас Италийн хөдөө, уулын бүс нутаг хүртэлх газарзүйн өргөн хүрээг хамарсан энэхүү үзэсгэлэн нь хүн төрөлхтний эртний, дасан зохицох өндөр чадамж бүхий амьдралын хэв маягийн нэг болох бэлчээрийн мал аж ахуйн талаар өгүүлнэ. Олон мянган жилийн турш малчид улирлын нүүдлийн тогтолцоонд тулгуурлан байгаль орчин, мал сүрэг, цаг уурын өөрчлөлтийг ажиглах, танин мэдэх уламжлалт мэдлэг, дадлыг хөгжүүлж
ирсэн бөгөөд энэ нь тэдний нийгэм, соёлын тогтолцоо болон экосистемийн тогтвортой байдлыг хадгалсаар ирсэн билээ. Энэхүү үйл явц нь өнөөг хүртэл оршин буй өвөрмөц соёлын орон зай, дүр төрх, амьд уламжлалыг бүрдүүлсэн юм.
Археологи, угсаатны зүй, гэрэл зураг болон малчдын аман өгүүлэмжийг нэгтгэн дэглэсэн энэхүү үзэсгэлэн нь газарзүйн хувьд алслагдсан мэт санагдах Монгол, Италийн бэлчээрийн мал аж ахуйн хоёр өөр ертөнцийг харьцуулж, тэдгээрийн өмнө тулгамдаж буй сорилт бэрхшээл, байгальтай зохицон амьдрах уламжлалт арга ухаан, мэдлэгийн тогтолцооны ижил төстэй талыг харуулах болно.
Үзэсгэлэнд нүүдэлчдийн шилжилт, хөдөлгөөний зам, хадны бичээс, малчид тэдний мал сүргийн хоорондын харилцаа, Монгол, Италийн нүүдэлчдийн сууц, түүнчлэн мал сүрэг болон зэрлэг ан амьтдын зэрэгцэн орших экологийн харилцааг толилуулна.
Тус үзэсгэлэн нь уур амьсгалын өөрчлөлт, газар нутгийн хуваагдал, хөдөө орон нутгийн хүн амын бууралт зэрэг өнөөгийн сорилтууд хоёр тивийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг авч үзнэ. Үүний зэрэгцээ шинэ үеийн малчид, судалгааны төслүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагууд бэлчээрийн мал аж ахуйг зөвхөн өнгөрсөн үеийн уламжлалт өв соёлын хэлбэр бус, харин ирээдүйн тогтвортой хөгжлийн суурь болох амьд, тогтвортой тогтолцоо хэмээн дахин тодорхойлж байна. Энэхүү үзэл санаа нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (HҮБ)-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (International Year of Rangelands and Pastoralists – IYRP) болгон зарласан зорилттой нийцэж байна.
Тив дамнасан, олон зууныг элээсэн энэхүү аялалд эрхэм таныг урьж байна. Энэхүү аялалаар дамжуулан хүн, мал, газар нутаг гурвын салшгүй холбоо, харилцан шүтэлцээнд
тулгуурласан бэлчээрийн мал аж ахуйн мөн чанар, үнэ цэнэ, цаг үеийн өөрчлөлтөд дасан
зохицох чадвар, ирээдүйн боломжийг шинжлэн ойлгоход энэхүү үзэсгэлэнгийн зорилго оршино.
Бэлчээрийн мал аж ахуй, уур амьсгалын өөрчлөлт ба орчин үеийн сорилтыг даван туулахуй: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын байр суурь
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө дэлхийн бэлчээрийн тал нутгуудад улам хүчтэй мэдрэгдэж буй энэ үед НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026” нь малчдын нүүдэл болон үе дамжин өвлөгдсөн уламжлалт мэдлэгийг дэлхийн бодлогын төвд дахин авчирч байна.
Дэлхийн хуурай газрын ойролцоогоор тэн хагасыг хамардаг бэлчээрийн экосистемд түшиглэсэн сая сая хүний амьжиргааг залгаж буй бэлчээрийн мал аж ахуй нь дэлхийн хэмжээнд өргөн тархсан амьдралын тогтолцоо билээ.
Нүүдлийн хэв маяг, нутгийн болон уугуул иргэдийн уламжлалт мэдлэгт тулгуурлан малчид улирлаас хамааран өөрчлөгдөх бэлчээрийн нөөцийг зохистой ашиглаж, мал сүргээ өсгөхийн зэрэгцээ бэлчээрийг нөхөн сэргэх боломжтой хугацаагаар хангадаг. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, үер, усны хомсдол, малын өвчин зэрэг эрсдэл нэмэгдэж буй өнөө үед нүүдэллэх нь дасан зохицох хамгийн чухал стратегийн нэг хэвээр байна.
Харин бэлчээрийн газрын зориулалтын өөрчлөлт, нүүдлийн эрх чөлөөний хязгаарлалт, малчдын бэлчээр ашиглах эрхийг зөвшөөрөхгүй байх нь бэлчээрийн мал аж ахуйн тогтолцооны тогтвортой байдал, сөрөн тэсвэрлэх чадавхыг доройтуулж болзошгүй юм.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь бэлчээрийн мал аж ахуйг тогтвортой, бүтээмжтэй, үр ашигтай газрын тогтолцоо хэмээн үнэлдэг бөгөөд малчдын нүүдлийг дэмжих, бэлчээрийг газрыг бэхжүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, мэдээллийг сайжруулах, түүнчлэн малчид, ялангуяа эмэгтэйчүүд, залуучуудыг бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад бодитой хувь нэмэр оруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын удирдан хэрэгжүүлж буй “Бэлчээр ба бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026” нь эдгээр тэргүүлэх чиглэлүүдийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдэд чиглэсэн байгаль, нийгмийн хариуцлагыг хангасан хөрөнгө оруулалтыг дэмжих, мөн үндэсний онцлогт нийцсэн бодлого боловсруулахыг уриалах зорилготой юм.
2. Судалгаа ба талбайн ажил
Монгол нүүдэлчдийн гэр,бууц суурин: Салбар дундын судалгааны өнцөг
2002 оноос хойш Италийн судлаачид монголын 250 гаруй нүүдэлчин хот айлын бууц, суурингаар зочлон, судалгаа явуулж, дэлхийн хамгийн хатуу ширүүн байгаль, цаг уурын нөхцөлд малчид хэрхэн дасан зохицон амьдардгийг салбар дундын аргаар судалсаар байна.
Италийн Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам (MAECI) болон Газар дунд тэнгис ба Дорно дахины судлалын олон улсын холбоо (ISMEO)-гийн дэмжлэгтэйгээр Этно-археологийн Италийн холбоо (AIE) 2002 онд “Монголын нүүдэлчдийн гэр сууц/хот айл: Салбар дундын судалгааны өнцөг” төслийг эхлүүлсэн. Уг төсөл нь анх Монгол улсын их сургуулийн профессор Сэндэнжавын Дулам, улмаар Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн профессор Ганбаатарын Нандинбилиг нартай хамтран хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2024 оноос Газар дунд тэнгис ба Дорно дахины судлалын олон улсын холбоо (ISMEO)-гийн судалгааны хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болсон билээ.
Төслийн хүрээнд Монгол орны 16 аймгийн 250 гаруй судалгааны байршилд ажилласан бөгөөд 2007 оноос Өвөрхангай, Архангай, Булган, Дундговь аймгийн нутгуудад өвлийн улирлын хээрийн судалгаа хийж өвөлжөө буюу өвөл амьдардаг гэрт, бууц сууринд төвлөрөн хэрэгжиж иржээ. Харин 2009 оноос Булган аймгийн Могод сум судалгааны үндсэн бүс болсон юм. Судлаач Франческа Лугли болон Грациано Капитини нар нийт 400 орчим хоног нүүдэлчин өрхүүдийн гэрт хамтран амьдарч, өдөр тутмын ахуй амьдрал, байгаль орчны өөрчлөлтөд дасан зохицох уламжлалт арга ухаан, туршлагыг газар дээр нь баримтжуулан судалжээ.
Энэхүү салбар дундын судалгаанд Итали, Монголын антропологи, генетик, архео-зоологи, стратиграфи, палеоботаникийн эрдэмтэн, судлаачид болон олон тооны их сургуулийн оюутнууд хамтран оролцсон. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Этно-археологийн Италийн холбооны (AIE) цахим хуудаснаас авах боломжтой.
3. ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН БА НУТАГ ДЭВСГЭР
Италийн Экосистемүүд: Газарзүй, Уур Амьсгалаар Бүрэлдсэн Олон Янзын Тогтолцоо
Өргөргийн дагуух эрс ялгаатай байдал болон геоморфологийн нарийн тогтоцын улмаас Италийн хойг нь Европын биологийн олон янз байдлын чухал голомтуудын нэг болжээ.
Италийн геоморфологийн олон янз байдал, өргөргийн дагуух эрс ялгаатай байдал нь эрт үеэс өнөөг хүртэлх хүний дасан зохицлын үйл явцад нөлөөлж, харилцан адилгүй экосистемүүд бүрэлдэх нөхцөлийг бий болгожээ.
Хойд хэсэгт Альпийн нурууны нум орших бөгөөд өндөр уулын эрс тэс уур амьсгалтай энэ бүсэд мөнх цас, мөс бүхий оргилуудаас эхлээд шилмүүст ой, уулын нуга хүртэлх ургамлын олон янзын бүслүүр бүрэлджээ. Альпийн нурууны өмнөд хэсэгт орших үржил шимт По мөрний хөндийн сав газар нь чийглэг уур амьсгалтай, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр ихээхэн өөрчлөгдсөн нам дор тал нутгийг бүрдүүлдэг бөгөөд эрчимжсэн газар тариалан эртнээс хөгжсөнөөрөө онцлог. Өмнө зүгт орших Апенниний нуруу нь Италийн хойгийн дагуух гол уулсын тэнхлэгийг бүрдүүлж, Газар дундын тэнгисийн уур амьсгал давамгайлах нөхцөлийг бүрдүүлдэг. Халуун, хуурай зунтай энэ уур амьсгалд мөнх ногоон царс зэрэг тэсвэртэй ургамал болон эртний чидун жимсний төгөл ургах таатай орчин бүрджээ. Мөн өргөн уудам эргийн бүс, Сицили, Сардини зэрэг арлуудын эргийн болон арлын экотон бүсүүд нь биологийн олон янз байдал өндөртэй эргийн намгархаг газар, өтгөн бутлаг маки ургамлын бүрхэвчийг тэтгэдэг. Үүний зэрэгцээ эдгээр эргийн бүсүүд нь түүхийн туршид далайн худалдааны сүлжээ хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэж иржээ.
Ийнхүү Италийн газарзүй, уур амьсгал, газрын гадаргын олон янз байдал нь харилцан адилгүй экосистемүүдийг бүрэлдүүлж, Италийн хойгийг Европын биологийн олон янз байдлын чухал голомтуудын нэг болгожээ.
Монголын Экосистемүүд: Нүүдэлчин Амьдралын Хэв Маягийг Бүрдүүлэгч Байгаль, Газар Нутаг
Мөнх цаст уулын оргилоос Говийн цөл хүртэлх Монголын экологийн бүсүүд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөгөөр улам бүр өөрчлөгдөж байна.
Монгол орон өргөн уудам нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд байгаль орчны нөхцөлөөрөө эрс ялгаатай бөгөөд уламжлалт ангиллаар экологийн зургаан үндсэн бүсэд хуваагддаг.
Эдгээр олон янзын байгаль, газар нутгийн нөхцөл нь Монголын өвөрмөц соёлын ландшафт болон нүүдэлчин амьдралын хэв маягийг бүрдүүлдэг. Нутаг дэвсгэрийн ойролцоогоор 5 хувийг эзлэх өндөр уулын бүс нь мөсөн гол бүхий оргил, уулын нугаараа онцлог. Мөн 5 орчим хувийг эзлэх тайгын бүс нь Сибирийн өтгөн шилмүүст ойн өмнөд захын үргэлжлэл юм. Өндөрлөг нутгаас нам дор газар руу шилжихэд нутаг дэвсгэрийн 25 орчим хувийг эзлэх уулын ойт хээрийн бүс тохиолдох бөгөөд ой модтой уулын налуу, үржил шимт хөндийг хослуулан бүрдүүлдэг. Монголын хээрийн бүс нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувийг эзэлж, түүхийн туршид мал аж ахуйд түшиглэсэн нүүдэлчин амьдралын гол нутаг болж иржээ. Өмнө зүгт цөлөрхөг хээрийн бүс эхлэх бөгөөд нийт нутгийн 20 орчим хувийг эзэлнэ. Харин Монголын нутаг дэвсгэрийн 25 орчим хувийг хамрах цөлийн бүс нь Говийн нутгийн эрс хуурай, хатуу ширүүн байгаль, ландшафтыг тодорхойлдог.
Эдгээр ялгаатай экосистемүүд нийлж, хүний дасан зохицол, малын бэлчээрлэлт, уур амьсгалын өөрчлөлт харилцан нөлөөлдөг эмзэг, нарийн тэнцвэрт экологийн тогтолцоог бүрдүүлдэг.
Эдгээр экосистемүүд нь уур амьсгалын өөрчлөлтөд өндөр мэдрэмтгий. Дулаарлын хандлага болон цөлжилтийн үйл явц нь байгаль, газар нутгийн төрхийг идэвхтэй өөрчилж, ургамлын бүслүүрүүдийг хойд зүгт шилжихэд хүргэж байна. Үүнтэй зэрэгцэн малчин өрхүүд уламжлалт бэлчээр ашиглалт, нүүдэл суудлын хэв маягаа өөрчлөгдөж буй нөхцөлд нийцүүлэн дасан зохицуулах шаардлагатай болж байна.
4. ЗЭРЭГЦЭН ОРШИХУЙ БА ХАМГААЛАЛ
Малчид Ба Зэрлэг Амьтад: Бэлчээрийн Мал Аж Ахуй Ба Зэрлэг Амьтдын Хоорондын Эмзэг Тэнцвэр
Сардинийн уулсаас Монголын тал хээр хүртэл судлаачид, байгаль хамгаалагчид малын бэлчээрлэлтийг зэрлэг амьтдын, тухайлбал чоно, цоохор ирвэс болон бусад зүйлийн амьд үлдэх нөхцөлтэй уялдуулах, улмаар хүн, мал аж ахуй, зэрлэг амьтад зэрэгцэн орших боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Монгол дахь бэлчээрийн мал аж ахуй ба зэрлэг амьтад
Монгол Улсад Wildlife Initiative ТББ нь тал хээр болон уулын бүс нутгуудад үйл ажиллагаа явуулж, малчин иргэд болон зэрлэг амьтдын зэрэгцэн орших нөхцөлийг дэмжин ажилладаг. Камерын урхи ашиглан цоохор ирвэс, мануул зэрэг ховордсон зүйлийг хянахын зэрэгцээ цаашдын байгаль хамгааллын ажилд ашиглах үнэ цэнтэй мэдээллийг цуглуулдаг.
Бэлчээрийн мал аж ахуй нь Монголчуудын амьдралын салшгүй хэсэг боловч, малын бэлчээрийн даац ихсэх нь зэрлэг туруутан амьтдад хүртээмжтэй нөөцийг бууруулж, тал хээрийн доройтол, цөлжилтөд нөлөөлдөг. Түүнчлэн, малыг хамгаалдаг хоньч ноход орон нутгийн зэрлэг амьтдад ихээхэн нөлөө үзүүлдэг бөгөөд энэ нь мануулын үхлийн тэргүүлэх шалтгаан болж байна.
Чоно, цоохор ирвэс мал сүрэгт халдах нь түгээмэл. Энэ асуудлыг бууруулахад тус байгууллагын оруулж буй хувь нэмэр чухал бөгөөд малын хашаа, хотны эргэн тойронд байрлуулдаг “foxlights” хэмээх махчин амьтан үргээх гэрлэн төхөөрөмжийг байрлуулдаг. Эдгээр арга хэмжээ нь мал сүргийг махчин амьтдад бариулах эрсдэлийг эрс бууруулж, том махчин амьтад болон хүмүүсийн зэрэгцэн орших боломжийг дэмжиж байна.
Итали дахь бэлчээрийн мал аж ахуй ба зэрлэг амьтад
Сассари хотын Мал эмнэлгийн факультетийн судлаачид камерын урхи болон GPS хүзүүвч ашиглан Италийн зэрлэг амьтдыг судалж, хянаж байна. Популяцийн динамик болон нягтралын судалгаанаас харахад эдгээр үйл ажиллагаа нь, ялангуяа ландшафт улам бүр хэсэглэн хуваагдаж буй нөхцөлд, зэрлэг хөхтөн амьтад болон мал сүрэг зэрэгцэн оршихын ач холбогдлыг харуулж байна.
Зөв зохистой удирдсан тохиолдолд бэлчээрийн мал аж ахуй нь задгай амьдрах орчныг хадгалж, ландшафтын олон янз байдлыг дэмжих замаар олон төрлийн амьтан оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлж чадна. Харин хэт их буюу зохисгүй хуваарилагдсан бэлчээрлэлт нь ойн байгалийн нөхөн сэргээлтийг саатуулж, экосистемд үзүүлэх ачааллыг нэмэгдүүлдэг.
Зөрчилдөөн нь чоно зэрэг махчин амьтад хамгаалалтгүй мал сүрэг рүү халдах үед шууд үүсэж болохоос гадна, зэрлэг болон гэрийн амьтдын хооронд өвчин дамжих зэрэг шууд бус хэлбэрээр ч илэрч болно. Үүний нэг жишээ нь Африкийн гахайн мялзан юм. Гол сорилт нь хүний хэрэгцээг хангахын зэрэгцээ зэрлэг байгалийн оршин тогтнох эрхийг хүндэтгэж, хүн ба зэрлэг амьтад зэрэгцэн орших бодитой, хэрэгжихүйц хэлбэрийг бий болгох явдал юм.
5. Зэрлэг амьтдыг хамгаалах болон хүн, зэрлэг амьтдын зэрэгцэн оршихуй
Чулуун хадан дунд нуугдсан камер
Хорь гаруй жилийн турш WCS Монгол хөтөлбөр нь дэлхийн хамгийн нууцлаг, ховордож буй махчин амьтдын нэг болох цоохор ирвэсийг хамгаалахын төлөө малчид, байгаль хамгаалагчид, нутгийн иргэдтэй хамтран, экологийн хувьд чухал хоёр томоохон ландшафтын хүрээнд ажиллаж ирсэн билээ.
Чулуун хадны завсарт нуун байрлуулсан автомат камер. Зэрлэг амьтдын тархац хөдөлгөөнийг бүртгэн судлахаар уулын нурууг давах байгаль хамгаалагч. Ирэх улирлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр нутгийн иргэдийн хамтран цугласан хөршүүд. Шөнийн цагаар цоохор ирвэс малд халдахаас урьдчилан сэргийлэх зориулалттай, махчин амьтанд тэсвэртэй малын хашаа.
Зэрлэг амьтан судлах нийгэмлэгийн (WCS) Монгол хөтөлбөр нь 20 гаруй жилийн турш нутгийн иргэд, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, төрийн байгууллагууд болон бусад түншүүдтэй хамтран Монгол орны өвөрмөц зэрлэг амьтан, байгалийн ландшафтын экосистемийг хамгаалах, тогтвортой хадгалан үлдээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Энэхүү үзэсгэлэнд цоохор ирвэсийн амьдрах орчин, тархац нутгийн хувьд онцгой ач холбогдол бүхий хоёр ландшафт болох Хангайн нуруу болон Өмнөд Говийн байгаль, зэрлэг амьтан, нутгийн иргэдийн амьдрал, байгаль хамгааллын үйл ажиллагааг харуулсан гэрэл зургуудыг толилуулж байна.
Хангайн нуруу нь ой мод, гол мөрөн, бартаат уул нуруудаас бүрдсэн экологийн олон янз байдлыг агуулсан нутаг бөгөөд цоохор ирвэс, шилүүс, буга, бор гөрөөс, аргаль хонь, сибирийн янгир зэрэг олон зүйлийн зэрлэг амьтдын амьдрах орчин болдог. Энд WCS нь нутгийн иргэд болон түнш байгууллагуудтай хамтран экосистемийн нөхөн сэргээлтийг дэмжих, газрын нөөцийн тогтвортой менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлын хувьд чухал ач холбогдол бүхий амьдрах орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг.
Харин өмнө зүгт орших Говь нь дэлхийн хамгийн том цөлийн экосистемүүдийн нэг юм. Цоохор ирвэс нь хулан, зээр зэрэг зэрлэг амьтад болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгч малчдын хамтаар энэхүү өргөн уудам, хуурай экосистемд оршин тогтнож байна. WCS нь зэрлэг амьтдын экологи, шилжилт хөдөлгөөний холбоосыг хадгалах, усны эх үүсвэрийг хамгаалах, нутгийн иргэдийн оролцоо, санаачилгад тулгуурласан байгаль хамгааллын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллаж байна.
Монгол улс нь дэлхийн цоохор ирвэсийн хоёр дахь том тоо толгойг тэтгэн оршдог улс юм. Шинжлэх ухааны судалгаа, хамтын ажиллагаа, урт хугацааны тууштай үйл ажиллагаанд тулгуурлан бид цоохор ирвэсийг Монгол орны байгалийн болон соёлын ирээдүйн салшгүй нэг хэсэг хэвээр хадгалан үлдэхэд хувь нэмрээ оруулж байна.
1. Өмнөд Говийн уудам, хуурай хээр талд хулангийн бэлчээрийн бүсээр цагаан зээр сүрэглэн шилжинэ. Алсаас харахад эзгүй мэт боловч эдгээр ландшафт нь биологийн олон янз байдлаараа баялаг бөгөөд амьтад асар уудам орон зайд шилжин хөдөлдөг тул тэдгээрийн амьдрах орчны хоорондын экологийн холбоос, залгамж чанарыг хадгалах нь нэн чухал юм.
2. Хоёр согоо харанхуйлж буй тэнгэрийн дор уулын нуруунд зогсох нь харагдана. Хангайн ой, хээрийн экосистем нь согоо, бор гөрөөс, аргаль, янгир зэрэг олон зүйлийн амьтдыг тэтгэдэг бөгөөд эдгээр нь цоохор ирвэс болон Евразийн шилүүс зэрэг махчин амьтдын идэш тэжээлийн үндсэн нөөц болдог. Эдгээр амьдрах орчныг сэргээн хамгаалах нь экосистемийн бүхэл бүтэн байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой юм.
3. Уулын нуруу нэг нэгнээ залган алс хязгаар хүртэл үргэлжилнэ. Цоохор ирвэс асар уудам нутагт тархан нутагладаг бөгөөд тусгаарлагдсан тоо толгой нь эмзэг байдалд өртөх эрсдэл өндөртэй. WCS нь эдгээр ландшафтыг хооронд нь холбож, зэрлэг амьтдын чөлөөтэй шилжилт хөдөлгөөн, генетикийн солилцоог хангах экологийн холбоосыг хадгалах чиглэлээр ажилладаг.
4. Дээрээс харахад сүрэг амьтад тал хээрээр цацсан шагай мэт тархан бэлчээрлэнэ. Тухайн ландшафт хэр хэмжээний амьтныг тогтвортой тэтгэж чадах вэ гэдэг нь байнга тавигддаг чухал асуудал юм. Энэхүү экологийн даац ба ашиглалтын тэнцвэрийг зөв зохицуулах нь бэлчээрийн экосистемийг эрүүл, тогтвортой байлгах үндэс болдог.
5. Цасаар бүрхэгдсэн уулын оргил задгай тал дээгүүр сүндэрлэж, түүний бэлд ганц хулан харагдана. Энэ бол зэрлэг өвсөн тэжээлтэн амьтад, мал сүрэг, тэдгээрийг даган орших махчин амьтадтай зэрэгцэн оршдог хамтын ландшафт юм.
6. Намрын шаргал өвсөн дунд улаан үнэг түр саатах нь харагдана. Цоохор ирвэсээс гадна эрүүл, тогтвортой ландшафтыг үнэлэхэд түүнийг бүрдүүлэгч жижиг биетний олон янз байдал чухал үүрэгтэй. Үүнд үнэг, тарвага болон уулын экосистемд зэрэгцэн орших бусад жижиг хөхтөн амьтад багтана.
7. Задгай хайргат налуугаар шилжин өнгөрөх цоохор ирвэсийг гэрэл зурагт дүрслэн авчээ. WCS болон түүний түнш байгууллагууд олон жилийн турш эдгээр төхөөрөмжийг ашиглан дэлхийд цоохор ирвэсийн тоо толгойгоороо хоёрдугаарт эрэмбэлэгдэх Монгол улсын тоо толгойн тархалт, хөдөлгөөн, төлөв байдлыг судлан хянаж ирсэн.Автомат гэрэл зурагт төхөөрөмжөөр авсан дүрс нь цоохор ирвэс бүрийн бие дээрх өвөрмөц толбоны хээ, дүрслэлд үндэслэн хувь бодгаль тус бүрийг таньж, ялган тодорхойлох боломжийг олгодог.
8. Хагарч бутарсан хад чулуутай орчинд цоохор ирвэс бараг бүрэн уусан шингэх мэт харагдана. Ийм бартаат, чулуурхаг ландшафтад цоохор ирвэс хүний нүдэнд бараг үзэгддэггүй. Иймээс хад чулууны завсар нуун байрлуулсан камер нь эдгээр нуугдмал зүйлийг илрүүлэн судлахад онцгой ач холбогдолтой юм.
9. Гэр дотор өдөр тутмын ажил үргэлжилж, ноолуурын ямааг самнан арчилж байна. Байгаль хамгааллын үйл ажиллагаа нь зэрлэг амьтадтай зэрэгцэн амьдарч буй малчин өрхүүдтэй түншлэхэд тулгуурладаг. Тэдний уламжлалт мэдлэг, амьжиргааны хэв маяг, газар нутгаа хариуцан хамгаалж, зохистой ашиглах уламжлалт менежментийн арга ухаан нь байгаль хамгааллын чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
10. Малчин хаврын бэлчээрт малаа туун нүүж байна. Бэлчээрийн зохистой, тогтвортой ашиглалтын арга нь мал сүргийн төдийгүй зэрлэг амьтдын амьдрах орчныг эрүүл, тэнцвэртэй байлгахад чухал ач холбогдолтой бөгөөд ингэснээр тэдгээрийн хоорондын бэлчээр, идэш тэжээлийн төлөөх өрсөлдөөнийг бууруулах боломжтой.
11. Өдрийн төгсгөлд ямаанууд хашаандаа бөөгнөрөн цугларна. Махчин амьтдаас хамгаалсан хашаа, хороо нь шөнийн цагаар мал сүргийг цоохор ирвэс, чоно зэрэг махчин амьтдын халдлагаас хамгаалдаг. Ингэснээр малчдын мал сүргийг хамгаалахын зэрэгцээ хүн, махчин амьтдын хоорондын зөрчилдөөнөөс үүдэн цоохор ирвэст хариу арга хэмжээ авах эрсдэлийг бууруулдаг.
12. Нүцгэн уулсын бэлд малчдын бууц, отор нүүдлийн түр суурьшил харагдана. WCS нь хүн амын аж амьдрал, үйл ажиллагаа шингэсэн эдгээр ландшафтад орон нутгийн иргэдийн манлайлалд тулгуурласан байгаль хамгааллын үйл ажиллагааг дэмждэг. Энд зэрлэг амьтдыг хамгаалах, уламжлалт амьдралын хэв маягийг хадгалан авч үлдэх нь нэгэн ижил зорилго юм.
13. Хээр талд зогсох малчин. Энд амьдарч буй хүмүүсийн бүхий л үйл ажиллагааны гол цөм нь юм. Тэд малчдын бүлэг, нөхөрлөл болон орон нутгийн хамтын нийгэмлэгийн хүрээнд нэгдэн, бэлчээр ашиглалтын улирлыг төлөвлөх, зэрлэг амьтдын төлөв байдлыг ажиглан хянах, газар нутгийг хэрхэн зохистой хамтран ашиглах талаар хамтын шийдвэр гаргадаг.
14. Хангайн уулсын дундуур гол горхи мушгиран урсана. Уулын бүс нутаг болон цөлийн аль алинд нь ус бол зэрлэг амьтад, мал сүрэг, хүмүүсийг нэгэн орон зайд холбодог амин чухал нөөц юм. Иймээс усны эх үүсвэрийг хамгаалах нь байгаль хамгааллын үйл ажиллагааны суурь зорилтуудын нэг билээ.
15. Хөрш айлууд өвсөн дээр цуглан ирээдүйн улирлын талаар ярилцаж байна. Урт хугацаанд үр дүнтэй, тогтвортой байгаль хамгаалал нь яг ийм хамтын оролцоо, харилцан зөвшилцлийн үйл явцаас бүрддэг. Энэ нь орон нутгийн иргэдийн санаачилга, оролцоонд тулгуурлаж, тухайн нутагт амьдран суугчдын уламжлалт мэдлэг, туршлагаар дамжин үргэлжилдэг юм.
6. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ
Монгол ба Италийн уур амьсгалын өөрчлөлт
Эрс ялгаатай хоёр газарзүйн орчинд уур амьсгалын дулаарал нь бэлчээрийн аж ахуйн амьдралын үндэс болсон уламжлалт нүүдлийн тогтолцоог алдагдуулж байна.
Хуурай уур амьсгалтай, далайд гарцгүй монгол улс нь дэлхийн дунджаас хоёр дахин их хурдаар дулаарч байгаа нь тал хээрийн цөлжилтийг эрчимжүүлж, уламжлалт нүүдлийн мал аж ахуйн амьдралын хэв маягт ноцтой аюул учруулж байна. Харин Италийн эх газар болон арлуудад далайн усны түвшин нэмэгдэж, далайн усны хэт халалт, удаан үргэлжлэх ган гачиг, түүнийг дагасан томоохон үерүүд улам бүр ихэсжээ. Улсын хойд хэсэгт Альпийн мөсөн голууд хурдацтай хайлж байгаа нь цэнгэг усны нөөц болон уулын бүс нутгийн оршин суугчдын амьжиргаанд шууд эрсдэл үүсгэж байна. Ийнхүү уур амьсгалын өөрчлөлт Монголд хөрсний доройтол, Италид эргийн элэгдлийг эрчимжүүлснээр хоёр орны байгалийн нөөц, амьдрах орчны тогтвортой байдлыг үндсээр нь өөрчилж байна.
Монгол, Италийн бэлчээрийн мал аж ахуй ба уур амьсгалын өөрчлөлт
Уур амьсгалын өөрчлөлт нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн газарзүйг эрчимтэй өөрчилж, олон мянган жилийн туршид бүрэлдэн тогтсон нүүдлийн тогтолцоог хүндхэн нөхцөл байдалд хүргэж байна. Газарзүй, байгаль орчны онцлогоороо эрс ялгаатай боловч Монгол, Итали хоёр улс нь дэлхийн дулаарлын үед хүн, байгаль хоёрын харилцан үйлчлэлийн сорилтыг тод томруун илэрхийлж буй жишээ юм.
Хоёр улсын аль алинд нь бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой оршин тогтнох үндэс суларсаар байна. Италийн Альпийн бүсэд агаарын температур ойролцоогоор 2°C-ээр өссөнөөр уулын булаг шанд ширгэж, өндөрлөг газрын бэлчээрийн чанар доройтож байна. Харин Монголын тал хээрт энэхүү дулаарал нь хуурайшлыг эрчимжүүлж, мал аж ахуйд ноцтой эрсдэлийг бий болгож байна. Гандуу, хуурай зун мал сүрэг онд орох тарга тэвээргээ бүрдүүлж чадахгүйд хүргэснээр тэд зудын хатуу нөхцөлд доройтсоор, олон сая мал хорогдох эрсдэл нэмэгддэг.
Эдгээр өөрчлөлт нь Италийн ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвд бүртгэгдсэн дөрвөн улирлын нүүдэл (transhumance)-ээс эхлээд Монголын эртний нүүдлийн хэв маяг хүртэл олон зуун жилийн турш хадгалагдсан нүүдлийн мөчлөгийг алдагдуулж байна. Үүний үр дүнд Италид бэлчээрийн аж ахуйн эдийн засгийн бүтцэд өөрчлөлт орж, Монголд уур амьсгалын нөлөөллөөс шалтгаалсан орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, ялангуяа Улаанбаатар хот руу чиглэсэн нүүдэл эрчимжиж байна. Эдгээр үйл явц нь хүн, мал, байгаль орчны олон мянган жилийн харилцан хамаарал өнөөгийн Антропоцен эринд ямар эмзэг байдалд орсныг тодорхой харуулж байна.
7. ТҮҮХ БА АРХЕОЛОГИ
Мянганы туршид дасан зохицсон нь: Монгол, Италийн уур амьсгал ба мал аж ахуйн түүх
Өнөөгийн уур амьсгалын хямралаас хэдэн мянган жилийн өмнө тал хээр болон Газар дундын тэнгисийн бүс нутгийн малчид хувьсан өөрчлөгдөж буй уур амьсгалын нөхцөлд дасан зохицож, амьдралын хэв маягаа шинэчлэн бүрдүүлж иржээ.
Монгол Улсад мал аж ахуй, ялангуяа хүн амын 27.1 хувьд өнөөг хүртэл хадгалагдан буй адууны аж ахуйд түшиглэсэн нүүдлийн мал аж ахуй нь хэдэн мянган жилийн турш үргэлжилсэн түүхэн хөгжлийн үр дүн юм. Археологийн баримтаас үзэхэд мал аж ахуйд суурилсан эдийн засагт шилжих үйл явц МЭӨ V–II мянганы эхэн үеийн хооронд явагдсан байна.Хойд Монголын Тамсагбулагийн археологийн дурсгалуудаас мал аж ахуй, газар тариалан, ан агнуур, загасчлал, түүвэрлэлтийг хослуулсан холимог аж ахуйн хэв маяг, мөн адууг эрт үед гаршуулж байсны нотолгоо илэрсэн байдаг. Монголын хойд хэсэгт энэхүү шилжилт нь МЭӨ III мянганы үед Хүрэл зэвсгийн эрт үеийн Афанасьевын соёл бүрэлдэн тогтсонтой уялддаг бол бүрэн хэмжээний нүүдлийн мал аж ахуйн тогтолцоо ойролцоогоор МЭӨ 900 он гэхэд бүрэлдсэн гэж үздэг. Энэхүү чухал өөрчлөлтийг бий болгосон хүчин зүйлс болон урт хугацаанд тогтвортой хадгалагдсан шалтгаан өнөөг хүртэл судалгааны маргаантай асуудал хэвээр байгаа ч тааламжгүй уур амьсгалын өөрчлөлт гол түлхэц болсон гэсэн таамаг түгээмэл байдаг. Хамгийн чухал нь нүүдлийн мал аж ахуй үүссэн цагаасаа хойш уур амьсгалын эрс өөрчлөлт, хэлбэлзэлд тасралтгүй дасан зохицож ирсэн явдал юм.
Эдгээр дасан зохицох үйл явц нь Төв Азийн эх газрын тал хээрийн нийгэм, экологийн тогтолцоог бүрдүүлсэн бол үүнтэй зэрэгцэн Газар дундын тэнгисийн сав газарт нийгэм-экологийн тэсвэрлэх чадварын өөр нэгэн түүхэн замнал өрнөжээ.
Италид газар тариалан болон мал аж ахуй үүсэж хөгжсөн үйл явц нь ойролцоогоор “МЭӨ 6000 оноос эхэлсэн Неолитын шилжилтийн үе”-тэй холбоотой. Археологийн баримтууд эрт үеийн үр тарианы тариаланг хонь, ямаа, үхэр үржүүлэгтэй хослуулсан холимог аж ахуйн стратеги хэрэглэж байсныг харуулдаг. МЭӨ 2300 оны орчим буюу Хүрэл зэвсгийн үед энэхүү шилжилт бүрэн төлөвшиж, мал аж ахуйн олон хэлбэр бий болсон байна. Үүний нэг нь улирлын нүүдлийн мал аж ахуй (transhumance) бөгөөд мал сүргийг уулын өндөрлөг бэлчээрээс далайн эргийн нам дор тал руу улирлын дагуу шилжүүлэн маллах уламжлалт тогтолцоо юм. Энэхүү хөдөлгөөнт аж ахуй нь өвөрмөц соёлын ландшафтыг бүрдүүлж, нийтлэг нөөцийн ашиглалтын сүлжээгээр дамжуулан өөр өөр орон нутгийн бүлгүүдийг хооронд нь холбож байжээ.
Хүн амын өсөлт болон далайн худалдааны сүлжээ өргөжин тэлсэн нь энэхүү ландшафтын урт хугацааны өөрчлөлтийг хурдасгасан боловч байгаль орчны эрс өөрчлөлт, хуурайшилтын эрчимтэй үеүүд нь орон нутгийн дасан зохицох стратегийг бий болгоход чухал түлхэц болсон байна. Монголын нүүдлийн мал аж ахуйн нэгэн адил Италийн ландшафтыг түүхийн явцад ашиглаж, зохицуулж ирсэн арга хэлбэр нь мянга мянган жилийн турш хувьсан өөрчлөгдөж буй уур амьсгалын нөхцөлтэй тасралтгүй зохицож, дахин тохиролцож ирсэн үйл явцаар тодорхойлогддог.
1. Өвөлжөөнд мал сүргийг хамгаалах зориулалттай хашаа, эртний оршуулгын болон овооны дэргэд байрлана. Энэ нь уулын хөндийгөөр дайран өнгөрөх зам дагуу байрлах бөгөөд тухайн нутгийн малчин, мэргэшсэн хөтөч машиныхаа дэргэд зогсоно. Баянхонгор аймаг, Монгол Улс.
2. Орчин үеийн малын хашааны ул мөр бүхий буурь, овоо нь уулын өндөрлөг бэлчээрт хүрэх замын дагуух Их Богдын байгалийн цогцолборт газрын орц хэсэгт байрлах эртний оршуулгын болон зан үйлийн байгууламжийн дээр бий болжээ.
3. Ойролцоох өвөлжөөнөөс ирсэн залуу малчин зочдод хадны сүг зураг, хадны сийлмэл дүрслэл бүхий дурсгалт газруудыг үзүүлж байна. Монголын хадны зургийг судлан шинжлэхэд нутгийн иргэдийн уламжлалт мэдлэг, орон нутгийн туршлага нэн чухал ач холбогдолтой.
4. Баянхонгор аймгийн тухайн дурсгалт газраас илэрсэн хадны сийлмэлийн нарийвчилсан дүрслэл. Уулын орой дахь бэлчээрийн бүс рүү хүрэх нутгийн зам дагуу оршино.
5. Сарлагууд байгалийн тогтоцтой усан цөөрөмнөөс ус ууж байна. Уур амьсгалын хуурайшилт эрчимжиж буйтай холбоотойгоор уулын бүсэд үлдэж буй байнгын усны цөөн хэдэн эх үүсвэрийн нэг юм. Өвөлжөө нь одоо ч ашиглагдсаар байгаа бөгөөд энд өөр өөр түүхэн үеийн хадны сийлмэл дүрслэл бүхий чулуун дурсгалууд хадгалагдан үлджээ.
6. Баянхонгор аймгийн тухайн дурсгалт газраас илэрсэн хадны сийлмэлийн нарийвчилсан дүрслэл.
7. Мөн тухайн газраас илэрсэн хадны сийлмэлийн дэлгэрэнгүй хэсэг бөгөөд арын дэвсгэрт овоо харагдана. Баянхонгор аймаг, Монгол Улс.
Монгол Улс дахь нүүдлийн мал аж ахуй ба археологийн өв: Мянган жилийн турш ландшафтыг бүрдүүлсэн хүн ба мал
Өнөөгийн малчдын нүүдлийн зам, бууц суурь нь хэдэн мянган жилийн өмнө нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн сонгож ашиглаж байсан зам мөрийг даган үргэлжилж ирснийг эртний булш, оршуулгын байгууламж болон хадны зурагт дүрслэлүүд харуулдаг.
CECILIA DAL ZOVO
Булш, овоолсон байгууламж ба малчдын нүүдлийн зам
Нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн улирлын болон алсын зайн шилжилт хөдөлгөөн нь өнөөдөр ч газар дээр болон хиймэл дагуулын зурагт харагдах зам, мөрийн сүлжээ болон физик ул мөрөөр ландшафтад хадгалагдан үлджээ. Эдгээр ул мөрийг шинжлэн судалснаар археологийн судалгаагаар өнөөгийн малчдын нүүдлийн зам болон одоогоос 4–3 мянган жилийн өмнөх үеийн эртний оршуулгын овоолсон байгууламжуудын байршлын хооронд статистикийн хувьд ач холбогдол бүхий орон зайн хамаарал байгааг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, эртний оршуулгын байгууламжууд өнөөдөр ч ашиглагдаж буй малчдын нүүдлийн замын дагуу эсвэл түүнтэй ойролцоо байрладаг. Энэ нь өнөөгийн нүүдлийн замын сүлжээ эртний гарал үүсэлтэй бөгөөд нутгийн иргэд олон үеийн турш нэгэн ижил уулын бэл, хөндий, даваа болон голын гармыг сонгон ашиглаж, зам мөрөө уламжлан давтаж ирснийг харуулж байна.
Хадны зураг ба малчдын бууц, суурь
Хүрэл болон Төмөр зэвсгийн үе, түүнээс хойших цаг үед хамаарах хадны сүг зураг, хадны сийлмэл дүрслэлүүд нь саяхныг хүртэл, олон тохиолдолд өнөөдөр ч нутгийн малчдын өвөлжөө, зуслан болгон ашиглаж буй газруудаас элбэг тохиолддог. Эртний хадны дүрслэлүүд болон өнөөгийн малчдын амьдран ашиглаж буй бууц, суурь давхцан оршиж буй нь тодорхой таатай газар нутгийг үеэс үед дахин сонгон ашиглаж ирсэн уламжлалт харилцааг илтгэнэ. Үүнд уулын дотоод хөндий, өндөр уулын бэлчээр, салхи шуурганаас хамгаалагдсан уулын энгэр зэрэг газрууд багтана. Эдгээр газар нутаг нь хүн, малын аль алинд найдвартай хамгаалалт, ус, бэлчээр зэрэг шаардлагатай нөөцөөр хангадаг байсан тул нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийг үе дамжин эдгээр газар нутаг руу татсаар иржээ. Энэ нь Монголын малчдын дунд түгээмэл байдаг нэгэн уламжлалт ойлголттой мөн уялдана. Тухайлбал, өвөлжөөнд олон жилийн турш хуримтлагдсан малын бууц, органик үлдэгдэл нь өвлийн хүйтэнд малын туурай хөрч хөлдөхөөс хамгаалахад чухал ач холбогдолтой бөгөөд үүнийг өвөг дээдсээс уламжилж ирсэн хишиг, өв хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, өнөөгийн нүүдлийн мал аж ахуй оршин тогтнох боломжийг бүрдүүлж буй зүйл нь зөвхөн өнөө цагийн арга ажиллагаа бус, эртний малчдын газар нутаг сонголт, бэлчээр ашиглалт, нүүдлийн дадал туршлага мянга мянган жилийн турш хуримтлагдан, уламжлагдан ирсэн түүхэн үйл явц юм. Үүнийг Монголын ландшафтад хийсэн археологийн судалгаагаар баримтжуулсан урт хугацааны үйл явцууд ч тодорхой харуулдаг.
Судалгааны эх сурвалж, талархал
Энэхүү судалгааг зохиогч TRAILS төслийн хүрээнд Оксфордын Их Сургуульд Мария Склодовска-Кюри/UKRI-ийн санхүүжилттэйгээр гүйцэтгэсэн. Бүх гэрэл зургийг зохиогч “Нууруудын хөндийн геоархеологи” төслийн хүрээнд авчээ. Тус төсөл нь Италийн Үндэсний Судалгааны Зөвлөл болон Монголын Шинжлэх Ухааны Академийг хамарсан Итали-Монголын хамтарсан судалгааны санаачилга бөгөөд 2001–2011 онд хэрэгжсэн.
Талбайн судалгаа хийх болон энэхүү материалыг цуглуулахад Монгол Улсын Баянхонгор аймгийн Богд сумын нутгийн захиргаа болон малчдын хамтын нийгэмлэгийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн.
8. ТҮҮХ БА АРХЕОЛОГИ
Камоникагийн хөндий болон Альпийн бүс нутгийн нүүдлийн мал аж ахуй: Мянган жилийн түүхэн хөгжил (Итали, Ломбарди муж)
Арван мянган жилийн хадны сийлмэл дүрслэл, найман мянган жилийн улирлын нүүдлийн уламжлал нь Альпийн нэгэн хөндий хүн төрөлхтөн газар нутагтайгаа харилцах харилцаагаа хэрхэн тасралтгүй шинэчлэн зохицуулж ирснийг өгүүлнэ.
AUSILIO PRIULI
Камоникагийн хөндий (Италийн хойд хэсэг, Брешиа) нь эртний Камунчуудын нутаг бөгөөд тэд 10,000 гаруй жилийн турш хад чулуун дээр олон мянган дүрс, бэлгэдлийг сийлэн үлдээжээ. Өвөрмөц анимист шашин, шүтлэгийн үзэл санааг илэрхийлсэн эдгээр дүрслэл нь тус нутгийг Альпийн эртний түүхийн чухал ариун дагшин орон зай болгон бүрдүүлсэн байна.
Аж үйлдвэржилтийн үе хүртэл нутгийн эдийн засаг нь гол төлөв хөдөө аж ахуй, мал аж ахуйд тулгуурласан байв. Энэхүү аж ахуйн тогтолцоонд босоо улирлын нүүдэл (vertical transhumance) чухал байр суурь эзэлж байсан бөгөөд эртний түүхийн сүүл үеэс эхлэн сүүлийн 8,000 жилийн туршид тохиолдсон уур амьсгалын өөрчлөлт, байгалийн үзэгдлүүдэд хариу болгон үе үе өөрчлөгдөн хэрэгжиж иржээ. Хаврын сүүлээр малчин өрхүүд мал сүргийн хамт уулын бэлд орших улирлын түр бэлчээр болох “maggenghi” (далайн түвшнээс дээш 1,400–1,600 м) рүү нүүдэллэн, өрх бүрийн эзэмшлийн малчны жижиг сууринд байрладаг байв. 6 дугаар сарын сүүлээр тэд цааш өндөр уулын малчны суурин (1,800–2,000 м) руу өгсөж, Альпийн нуга бэлчээрт малаа бэлчээдэг байжээ. Харин намрын эхээр уулнаас бууж, хөндийн тариалангийн талбайд ургац хураах ажилдаа ордог байсан байна.
Аж үйлдвэржилт нь хүн ба газар нутгийн хоорондын харилцааг эрс өөрчилжээ. Өмнө нь малчин өрхүүдэд түшиглэсэн уулын бэлчээрийн жижиг суурингуудын оронд “malghe” хэмээх нэгдсэн уулын аж ахуйн төвүүд бий болсон байна. Эдгээр нь орон нутгийн захиргаанаас түрээслэдэг томоохон нэг байгууламж бөгөөд амьдрах байр, малын хашаа хороо, сүү боловсруулах, бяслаг үйлдвэрлэх үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн аж ахуйн хэлбэр байв.
Лагийн хөндийн түүхэн хадны сийлмэл дүрслэл (Итали, Трентино-Альто-Адидже)
Хоёр зууны турш залуу хоньчдын үлдээсэн зуу орчим хадны сийлмэл дүрслэл нь малчдыг нийгмээс тусгаарлагдсан хүмүүс бус, харин өөрсдийн цаг үе, шашин шүтлэг, улс төрийн түүхэн үйл явдлуудын үед бичиг үсэгтэй гэрчүүд байсныг харуулна.
ЛУКА ПИЗОНИ
Сүүлийн хэдэн арван жилд агро-силво-пасторализмын нийгэм дэх хоньчдын үүрэг, байр суурийг олон тооны судалгаагаар дахин үнэлэх болсон. Өмнө нь нийгмийн захад орших, тусгаарлагдмал хүмүүс хэмээн үздэг байсан малчдыг өнөөдөр тухайн үеийнхээ соёл, нийгмийн амьдралд бүрэн оролцдог, бичиг үсэг тайлагдсан хүмүүс байсан хэмээн ойлгох болжээ. Тэд мал сүргээ хариулахын зэрэгцээ ном унших, дуулах, хад чулуун дээр дүрслэл сийлэх зэрэг олон төрлийн чөлөөт цагийн үйл ажиллагаа эрхэлдэг байв. Энэ нь малаа хариулж явахдаа чулуун дээр зураг зурж байсан залуу Жотто-г зураач Чимабуэ олж харсан тухай алдарт домгийг санагдуулна.
Лагийн хөндий (Valle dei Laghi) даяар 19–20-р зууны үед залуу хоньчдын сийлсэн зуу орчим хадны дүрслэл өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Тэдгээр дүрслэлд шашны бэлгэдэл, мөн цайз, сүм хийд, Дэлхийн нэгдүгээр дайны дурсгал зэрэг орон нутгийн иргэний болон түүхэн тэмдэглэгээнүүд багтдаг. Мөн цэргийн албанд татагдсан он, эх оронч үзлийг илэрхийлсэн “W” (viva – мандтугай) тэмдэг, их буу, Италийн гурван өнгөт далбаа бүхий хөлөг онгоц зэрэг цэргийн шинжтэй граффитиуд бий. Үүнээс гадна чөлөөт цагийг илэрхийлж сийлж гаргасан “trie” буюу моррис тоглоомын хөлөг, улс төрийн шууд илэрхийлэл болох “W IL COMUNISMO 1948” уриа болон Христийн Ардчилсан намын “scudo crociato” буюу загалмайт бамбай бэлгэдэл зэрэг дүрслэлүүд хадгалагдан үлджээ.
Үгсийн ландшафт: монте корноны будагт хад (Итали, Трентино-Альто-Адидже)
Арцны мөчрөөр улаан охроор бичсэн хэдэн арван мянган бичээс нь алслагдсан Альпийн хад асгыг Европын хамгийн өвөрмөц түүхэн архивуудын нэг болгон хувиргажээ.
МАРТА БАЦЦАНЕЛЛА
Фьемме хөндийд орших Монте Корнон уулын хад асга нь малчдын онцгой өвийг хадгалдаг. Эртний Альпийн бэлчээрийн нүүдлийн зам дагуу орших 2,730 хадны гадаргууд 47,000 гаруй улаан охрын бичээс бүртгэгдсэн байна.
Тариалангийн дэнж болон өндөр уулын нуга бэлчээрийн хооронд орших энэхүү хадархаг газар нутаг нь улирлын нүүдэлд чухал ач холбогдолтой байжээ. Учир нь энд мал сүрэгт бэлчээр, хадны нөмөр, хоргодох байр хангалттай байв.
Малчид энд хэдэн долоо хоногоор тусгаарлагдан байх хугацаандаа хад чулуун дээр нэрийн эхний үсэг, огноо, малын тоо, богино хэмжээний тэмдэглэл үлдээдэг байжээ. Ийнхүү хадны нөмөр, хоргодох газруудыг санаанд оромгүй байдлаар соёлын орон зай болгон хувиргасан байна.
Тэд мал сүргээ амрааж байх үедээ тухайн орчинд байсан энгийн, гар доорх хэрэгслээр хаданд дүрслэлээ зурдаг байв. Бийрийг арцны нарийн мөчрөөр хийж, үзүүрийг нь шүдээрээ задалж ширэлдүүлнэ. Бэхийг нутгийн улаан охрыг (ból) ус, сүү, шээс эсвэл шүлстэй хольж бэлтгэдэг байжээ. Энэхүү хольц нь олон зуун жилийн турш хадгалагдах чадвартай байв.
2007 оноос хойш METS буюу Трентино-Сан-Микелегийн угсаатны зүйн музей энэхүү эмзэг түүхэн архивын угсаатны археологийн судалгааг хийж, газар ашиглалтын таван зууны түүхийг баримтжуулж байна. Судалгаагаар эдгээр хадны нөмөр, хоргодох газруудыг үүнээс ч эрт буюу Зэсийн болон Хүрэл зэвсгийн үеэс ашиглаж байсныг тогтоожээ.
Эх сурвалж
METS – Museo etnografico trentino San Michele, Via Edmund Mach, 2 – 38098 San Michele all’Adige (Trento)
9. ТҮҮХ БА АРХЕОЛОГИ
Газарт Туссан Сүүдэр: Нүүдэлчдийн Амьдралыг Тайлан Таних нь:
Бараг Ямар Ч Ул Мөр Үлдээдэггүй Соёлыг Хэрхэн Судлах Вэ? Судлаачид өнөөдөр тэрхүү соёлыг тээж буй хүмүүсийн амьдрал, мэдлэг, дадал туршлагад тулгуурлан олон мянган жилийн мал аж ахуйн түүхийг сэргээн судалж байна.
Бараг ямар ч ул мөр үлдээдэггүй соёлыг хэрхэн судлах вэ? Ялангуяа уудам, үргэлжилсэн тал хээрийн бүс нутагт пасторализмын археологи нь онцгой сонирхолтой сорилт болдог. Нүүдлийн малчдын бууц, түр суурьшил нь тогтмол бус, түр зуурын шинжтэй учраас ландшафтад маш бүдэг ул мөр үлдээдэг бөгөөд тэдгээр нь оройн гэрэлд замхрах сүүдэр мэт цаг хугацааны явцад бараг бүрэн үгүй болдог.
Энэхүү судалгааны хоосон орон зайг нөхөхийн тулд судлаачид угсаатны археологи (ethnoarchaeology)-д анхаардаг. Энэхүү салбар нь өнөөгийн амьд нийгэм, бүлгүүдийг судлан эртний өнгөрсөн үеийг тайлбарлахын зэрэгцээ түүхэн баримт, мэдээнд тулгуурлан орчин үеийн амьдралыг ойлгохыг зорьдог.
Орчин үеийн малчдын өдөр тутмын үйл ажиллагаа, уламжлал, материаллаг соёлыг баримтжуулснаар судлаачид археологийн олдвор, ул мөрийг тайлбарлах илүү үндэслэлтэй загвар боловсруулах боломжтой болдог. Ингэснээр эд өлгийн зүйл болон хүний үйл ажиллагаа бий болох, ашиглагдах, улмаар орхигдох хүртэлх бүхий л амьдралын мөчлөгийг археологийн үүднээс мөрдөн судлах боломж бүрддэг.
Угсаатны археологи нь зөвхөн тодорхой түүхэн оньсого, асуудлыг тайлах арга төдий биш. Энэ нь өнгөрсөн, одоо, ирээдүйг хооронд нь холбож, хүн төрөлхтний оршин тогтнох, хүрээлэн буй орчинд дасан зохицох үйл явцын нарийн төвөгтэй байдлыг ойлгоход тусалдаг.
Иймээс угсаатны археологи нь пасторализмын судалгаанд чухал ач холбогдолтой арга зүйн чиглэл хэвээр байна.
Археологийн малчны бууц, сууринг судлах гео-угсаатны археологийн арга зүйг боловсруулах нь: Camp төсөл
Малчдын бууц газрын хөрсөнд бараг ул мөр үлдээдэггүй. Тиймээс судлаачид нүдэнд үл үзэгдэх ул мөрийг илрүүлэхийн тулд химийн шинжилгээний аргыг ашиглаж байна.
СТЕФАНО БИАГЕТТИ
Нүүдлийн мал аж ахуйн бууц, суурьшлын газрыг археологийн аргаар тодорхойлоход ихээхэн бэрхшээлтэй байдаг. Учир нь эдгээр газарт нимгэн хурдсын давхарга, түр зуурын байгууламж, материаллаг олдворын хомс үлдэгдэл л үлддэг.
Европын Судалгааны Зөвлөлийн (ERC) санхүүжилттэй CAMP төсөл -“(Re)Constructing the Archaeology of Mobile Pastoralism” нь геохимийн шинжилгээ болон орон зайн загварчлалыг ашиглан малчдын түр суурьшил, бууцны ул мөрийг илрүүлэх, тайлбарлах гео-угсаатны археологийн арга зүйн хүрээ боловсруулж байна.
Судалгааг Ботсвана, Оман, Кени улсуудад явуулж байгаа бөгөөд угсаатны зүй, археологи, тунамал хурдасны дээж авах арга болон зөөврийн рентген флуоресценцийн шинжилгээ (pXRF)-г хослуулан ашиглаж байна.
Өнөөг хүртэл хүн амьдарч буй, орхигдсон болон археологийн дурсгалт газруудаас 9,000 гаруй тунамал хурдасны дээж цуглуулжээ.
Малын хашаа, ахуйн үйл ажиллагааны талбай, хог хаягдлын овоолго, хүнс болон эд зүйл хадгалах хэсэг зэрэг үйл ажиллагааны бүсүүдийг газарзүйн хувьд тэмдэглэн зураглаж, тэдгээрийн найрлагыг статистик болон геостатистикийн аргачлалаар шинжилж байна.
Судалгааны урьдчилсан үр дүнгээс үзэхэд мал аж ахуйн үйл ажиллагаа нь орчны нөхцөл, соёлын ялгаатай байдлаас үл хамааран давтагддаг тодорхой геохимийн ул мөр, шинж тэмдэг үүсгэдэг байна. Эдгээр шинж тэмдгээр тухайн бууц, суурьшлын газрын өөр өөр зориулалттай хэсгүүдийг хооронд нь ялган тодорхойлох боломжтой.
Эдгээр үр дүн нь малчдын түр суурьшлын үйл ажиллагаа нь археологийн аргаар илрүүлэх боломжтой хүний үйл ажиллагааны буюу антропоген гаралтай геохимийн ул мөрийг хөрсөнд хадгалан үлдээдэг болохыг харуулж байна.
Мөн энэхүү арга зүй нь өөр өөр байгаль, соёлын нөхцөлд орших археологийн мал аж ахуйн дурсгалуудыг илрүүлэх, тодорхойлох, тайлбарлахад өргөн хүрээнд ашиглаж болох арга зүйн суурь болж байна.
10. ӨНӨӨ ҮЕИЙН БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙ
Хамтын алсын хараа: Монгол, Италийн мал аж ахуйн уламжлалд тулгарч буй хоёрдмол сорилтууд
Хэдэн мянган километрийн зайтай орших Монгол, Италийн малчдын аж ахуй өнөөдөр зах зээлийн өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлт, үе хоорондын шилжилт гэх зэрэг нэгэн ижил сорилтын өмнө ирээд байна. Олон мянган жилийн уламжлалт мал аж ахуйн тогтолцоог эрс өөрчлөхөд хүргэж буй энэ үед төр засаг болон олон улсын байгууллагууд дасан зохицох үйл явцыг дэмжих арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлсээр байна.
Өнөөгийн Монголын нүүдлийн мал аж ахуй болон Италийн уламжлалт бэлчээрийн мал аж ахуй нь эртний соёлын өв уламжлалын залгамж халаа билээ. Өнөөдөр Монгол Улсад ойролцоогоор 247,950 малчин өрх айл, Италид 50,000 орчим мал аж ахуй эрхэлдэг өрх айл өвөг дээдсээс уламжлагдан ирсэн амьдралын хэв маяг болон орчин үеийн дэлхийн эдийн засгийн шаардлагын огтлолцол дунд оршин тогтнож байна. Даяаршсан зах зээлийн дарамтын улмаас уламжлалт амьжиргааны тогтолцоо хурдацтай хувьсан өөрчлөгдөж байн. Монгол Улсад өрнөж буй нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүд нь байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулж, fragile хэврэг тал хээрийн экосистемд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Харин Италид шинэ зохицуулалт, зах зээлийн өрсөлдөөн, газар нутгийн эзгүйрэлд нь залуу үеийг мал аж ахуйгаас холдуулж, уулын бүсийн өвөрмөц биологийн олон янз байдлыг хадгалсан уламжлалт бэлчээрийн тогтолцоонд ноцтой аюул учруулж байна.Эдгээр сорилт нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган гачиг, цаг агаарын эрс тэс үзэгдэлтэй хавсран мал аж ахуйн тогтвортой оршин тогтнолыг улам бүр хүндрүүлж байна. Монголын нүүдлийн соёл иргэншил болон Италийн улирлын нүүдлийн тогтолцоо (transhumance) хоёулаа өнөөдөр шийдвэрлэх мөчид иржээ. /ноцтой сорилттой тулгарч байна. Амьжиргаагаа хадгалахын тулд/ Амьдралын хэв маягаа хадгалахын төлөө тэмцэж буй малчид/ Оршин тогтнохын төлөө тэмцэж буй малчид шинэ нөхцөлд дасан зохицох арга замыг эрэлхийлж байгаа бол төр засаг, Европын Холбоо болон олон улсын байгууллагууд орчин үеийн дэд бүтэц, дижитал технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар энэхүү өв уламжлалыг хамгаалах бодлого, дэмжлэгийг хэрэгжүүлж байна. Буцаах боломжгүй өөрчлөлтүүд эдгээр давтагдашгүй соёлын өвөрмөц ландшафтыг үүрд өөрчлөхөөс өмнө этно-археологийн баримтжуулалт болон бодит дэмжлэгийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.
Монголын нүүдэлчид ба Италийн малчид: Олон мянган жилийн уламжлалт холбоо
Монгол, Италийн малчид өөрсдийн малаа өмч хөрөнгө бус, харин харилцан итгэлцсэн, зан чанараа танилцсан, хамтын хувь заяагаар холбогдсон амьдралын нөхөр хэмээн үздэг билээ.
Нүүдлийн тал нутгийн ертөнц
Монгол нүүдэлчдийн үзэл баримтлалд мал сүрэг нь эд хөрөнгө бус, харин насан туршийн салшгүй нөхөр юм. Морины хувьд тал нутгийн амин сүнс бөгөөд монголчууд морийг нүүдэлчдийн итгэлт анд нөхөр хэмээн эрхэмлэн дээдэлсээр ирсэн билээ. Мөн морь нь эрх чөлөөний бэлгэдэл бөгөөд малчин эзэнтэйгээ оюун санаагаараа ойлголцох, үгээр үл илэрхийлэх гүн итгэлцэл зөн мэдрэмжид тулгуурласан итгэлцлийн холбоотой байдаг байна. Монголчууд “Морь бол хүний хамгийн сайн нөхөр” хэмээн өгүүлдэг нь үүний илэрхийлэл юм.
Харин хонь нь номхон дөлгөөн, гэмгүй хүүхэд мэт амьтан бөгөөд байнгын халамж, хамгаалал шаарддаг амьтан юм. Харин ямааг сэргэлэн, бие даасан, овсгоотой зан чанараар нь хүндэтгэдэг бол үхэр нь тайван, тогтуун зангаараа эрхэмлэгддэг. Сарлагийн хувьд өндөр уулын хатуу ширүүн байгальд дасан зохицсон зоригт амьтан хэмээн үнэлдэг.
Эцэст нь, тэмээг мэдрэмтгий, ухаалаг ахмадын дүрээр төсөөлдөг бөгөөд хөг аялгуунд уярч, нулимс унагадаг амьтан юм. Эдгээр амьтад нийлээд хүн, байгаль, мал сүргийн харилцан хүндлэл, итгэлд тулгуурласан нүүдлийн соёл иргэншлийн мөнхийн холбоог бүрдүүлдэг билээ.
Газар дундын тэнгисийн бэлчээрийн уламжлал
Италийн уламжлалт малчдын хувьд мал сүрэг нь мөнгө хөрөнгө төдий бус, харин амьдралын нөхөд юм. Хонь нь бэлчээр нутгийн чимээгүй хэмнэл, нүүдлийн амьдралын салшгүй нэгэн хэсэг хэмээгддэг бөгөөд сүргээрээ байгалийн жамтай зохицон бэлчиж, малчдаас анхаарал, халамж, мэдрэмжийг ихээхэн шаарддаг амьтан билээ. Малчид сүргийнхээ зан араншин, нүүдэл, хэрэгцээг ойлгохын тулд зөвхөн мэдлэг бус, зүрх сэтгэлээрээ ойлгох чадвар хэрэгтэй гэж ярьдаг.
Ямаа нь овсгоо самбаа, эрэмгий авиралтаараа танигддаг бол үхэр нь эх амьтны энэрэнгүй зан, тайван тогтуун байдлаараа улирлын нүүдлийн туршид сүргийг түшиглэн авч явдаг. Морь нь сүр хүч, язгуурлаг чанарын бэлгэдэл бөгөөд өргөн уудам тал, уулсын хөндийг туулахад малчны үнэнч хамтрагч болдог. Харин илжгийг манантай уулын жимээр төөрөлгүй замчлан хөтөлдөг ухаалаг хөтөч хэмээн эрхэмлэдэг.
Ийнхүү малчин болон мал сүргийн хооронд тогтсон энэхүү гүн холбоо нь Газар дундын тэнгисийн бүс нутгийн улирлын нүүдлийн уламжлал (transhumance) болон түүний амьд өв санг өнөө хүртэл хадгалан авч иржээ.
11. МАЛ МАЛЛАХ АРГА УХААН
Бэлчээрийн Мал Маллах Арга Ухаан: Хонь, Ямаа
Өдөрт хоёр удаагийн ажиглалт, дуран, дохио болон өнгөн тэмдэглэгээ нь өргөн уудам талд бэлчих хонь, ямаан сүргийг хооронд нь нийлүүлэхгүй эмх цэгцтэй маллах боломжийг бүрдүүлдэг.
Хонь, ямааг үндсэндээ ноос, махны зориулалтаар өсгөн үржүүлдэг бөгөөд сүү саалийг нь харьцангуй ховор ашигладаг. Нүүдэлчдийн хүнсэнд хонины мах онцгой байр суурийг эзэлдэг ба учир нь үхрийн махтай харьцуулахад амт чанар сайтай төдийгүй, маллах, төхөөрөхөд илүү тохиромжтой байдаг байна.
Хонь, ямаа нь өвлийн хатуу нөхцөлд ч дасан зохицох чадвар өндөртэй ба өвөл малыг хашаа, хороонд хамгаалан байрлуулахын зэрэгцээ шаардлагатай өвс, тэжээлийг нөөцлөх эсвэл худалдан авах нь харьцангуй хялбар байдаг.
Өглөө эрт сүргийг бэлчээрт гаргасны дараа малчид малаа холоос дурангаар ажиглаж, мал сүрэг хамгийн тохиромжтой зайд хүрсэн гэж үзвэл морь эсвэл мотоциклтой очиж чиглүүлж өгдөг. Ингэж сүргийг өдөрт гурваас дөрвөн удаа эргэж очин хотонд нь буцаан тууж авчирдаг. Сүргийг эргүүлэн авч ирж, дуудаж, мотоциклийн дохиогоор бэлчээрийн чиглэлийг өөрчилж, хот айл руу ойртуулан хариулна. Заримдаа ноход малчныг дагалдан явдаг ч сүрэг хураах, туух ажиллагаанд шууд оролцдоггүй.
Өөр өөр айлын мал сүрэг хоорондоо нийлэх нь түгээмэл үзэгдэл юм. Ийм үед малчид малын эвэр, нуруу, ноосонд нь будгаар өнгийн ялгах тэмдэглэгээ хийж өөрийн сүргийг таньж, салган авдаг.
Бэлчээрийн Мал Маллах Арга Ухаан: Адуу
Хотноосоо 40 километр хүртэлх өргөн уудам бэлчээрт сүрэглэн бэлчих адууг малчид өнөөдөр ч уламжлалт мэдлэг, орчин үеийн технологийг хослуулан эрэн хайж, хариулсаар байна.
Адуу бол монголын нүүдлийн соёлын хамгийн тод бэлгэ тэмдэг юм. Хот сууринд амьдарч хүмүүс хүртэл морь унахдаа эртний дайчин уламжлалтайгаа холбогдож, хүн-морь нэгэн цул мэт нэгдэн орших мэдрэмжийг мэдэрдэг байна. Олон арван ардын дуу, домогт адууг магтан дуулдаг ба адуу нь соёлын үнэ цэнээс гадна тал нутгийн эдийн засгийн салшгүй нэг хэсэг хэвээр байна. Ялангуяа машин явах боломжгүй өвлийн хүнд нөхцөлд адуу нь өдөр тутмын ажил хөдөлмөрийн хамгийн найдвартай унаа, тээврийн хэрэгсэл болдог. Сайн адуучин, уяачид нийгэмд нэр хүндтэй бөгөөд энэ нь наадам, хурдан морины уралдаанаар тод илэрдэг.
Зуны улиралд гүү сааж, айраг бэлтгэдэг нь монголчуудын уламжлалт хүнс, өв соёлын чухал өвийн нэг юм.
Адуу нь харьцангуй бие даан амьдарч, гэрээсээ 40 хүртэл километрийн алсад бэлчээрлэдэг. Заримдаа хүчтэй салхинд туугдан хол явах тохиолдол ч байдаг бөгөөд ийм үед адуугаа эрэл сурал болгон хайж хэдэн ч хоног зарцуулах боломжтой байдаг. Иймд малчид долоо хоногт нэгээс хоёр удаа адуугаа эргэн шалгаж, өндөрлөг газраас дурангаар ажиглахын зэрэгцээ замд тааралдсан хөрш хот айлуудаасаа асууж сурагладаг. Өнөө үед энэхүү уламжлалт ажиглалтын арга нь гар утсаар байршлаа солилцох, мотоцикл ашиглан мал сүргээ хариулах зэрэг орчин үеийн технологитой хослон хөгжсөөр байна.
Бэлчээрийн Мал Маллах Арга Ухаан: Үхэр
Мотоциклоор 10 км орчим зам туулан усалгаанд очихоос эхлээд гэрээс ердөө 200 метрийн зайд байрлах усны онгоцонд услаад ирэх хүртэл үхэр сүрэг нь бусад малаас өөр төрлийн өдөр тутмын арчилгааг шаарддаг.
Өрхийн хүнсний хэрэгцээнд үхэр ховорхон төхөөрдөг бөгөөд нүүдэлчид өвлийн турш хэрэглэх махны нөөцөө бэлтгэх зорилгоор намрын сүүлээр цөөн тооны хонь төхөөрч нөөцөлдөг. Үхэр нь өрхийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахаас гадна түлшний чухал эх үүсвэр болох аргалын үндсэн эх үүсвэр юм.Үхэр нь хонь, ямаанаас илүү өтгөн шим сайтай бэлчээр шаарддаг тул ихэвчлэн усны эх орчим буюу гэрээс нэлээд алслагдсан газарт бэлчээрлэдэг. Өвөлжөөнд буусан үед үхрийг орой бүр хашаанд оруулж хонуулах нь түгээмэл. Харин бусад улиралд чоно болон золбин нохдын дайралтаас хамгаалахын тулд усны ойролцоо эсвэл харах боломжтой газар шөнө хонуулдаг.
Хээрийн судалгааны үеэр судлаачид малчдын өдөр тутмын ажилд оролцдог байсан. Тухайлбал, Архангай аймгийн Могод сум дахь Болдын намаржаанд гэрээс арав орчим километрийн зайд бэлчээрлэж байсан үхрийг мотоциклээр тууж, гэрээс 200 орчим метрийн зайд байрлах усалгааны онгоцонд авчирсан. Мал сүрэг шөнийг усалгааны онгоц орчимд эсвэл гэрийн ойролцоо өнгөрүүлээд, тугалаа хөхүүлсний дараа өглөө дахин бэлчээрт гардаг байна.
12. МАЛ МАЛЛАХ АРГА УХААН
Бэлчээрийн Мал Маллах Арга Ухаан: Тэмээ
Автомашины хэрэглээ нэмэгдсэнээр нэгэн үе буурах эрсдэлтэй тулгарч байсан монголын тэмээн сүрэг нь сүүлийн хорин жилийн хугацаанд бараг хоёр дахин өссөн нь говийн хатуу ширүүн байгальтай хүн, тэмээний эртний холбоо өнөө хэр бат бөх оршсоор байгааг илтгэнэ.
Олон зууны турш тэмээ нь монголын нүүдэлчдийн аж амьдрал, соёлын салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Монголын хүйтэн цөл, тал хээрийн нутаг нь хоёр бөхт тэмээ (Camelus bactrianus) болон нэн ховордсон хавтгайн (Camelus ferus)-ний дэлхийд чухал тархац нутаг юм. Усгүйгээр удаан хугацаанд тэсвэрлэх чадвартай эдгээр амьтад Говийн цөл болон монголын хуурай, хагас хуурай бүсийн эрс тэс уур амьсгалд төгс зохицсон байдаг. Хүйтэн өвлийг даван туулахын тулд тэд онцгой дулаан, чанартай ноос ургуулдаг бөгөөд энэ нь нүүдэлчдийн ахуйд үнэт түүхий эд болсоор иржээ.
Түүхэн уламжлалын хувьд тэмээ нь худалдааны замын гол тээврийн хэрэгсэл байсан бөгөөд мах, арьс шир, ноос, мөн хоормог хэмээх уламжлалт исгэсэн ундааны үндсэн түүхий эд болох сүүгээр хангадаг байв. Орчин үеийн автомашины хэрэглээ нэмэгдсэнээр тэмээний тээврийн үүрэг буурч, уламжлалт тэмээ маллах ёс алдагдах вий гэсэн болгоомжлол бий болсон. Гэвч сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн хамгааллын бодлого, орон нутгийн санаачилгууд нь тэмээтэй холбоотой өв соёлыг дахин сэргээхэд чухал хувь нэмэр оруулж байна.
2025 оны Мал тооллогын дүнгээр Монгол Улсын тэмээн сүрэг 2000-аад оны эхэн үеийн 254 мянга орчмоос 501.3 мянга болж бараг хоёр дахин өссөн бөгөөд хамгийн олон тэмээтэй аймаг нь Өмнөговь аймаг юм. Тэмээний уралдаан, тэмээн поло, уламжлалт баяр наадам зэрэг арга хэмжээнүүд нь тэмээний өв соёл дахь үнэ цэнийг хадгалан хөгжүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн аялал жуулчлал болон орон нутгийн хөгжлийг дэмжсээр байна. Өнөөдөр тэмээ нь зөвхөн аж ахуйн мал бус, харин монголын нүүдэлчид болон говийн хатуу ширүүн байгаль хоорондын харилцан шүтэлцээ, хамтын оршихуйн бэлгэдэл хэвээр байна.
Бэлчээрийн Мал Маллах Арга Ухаан: Сарлаг
Монголын хамгийн өндөрлөг, хүйтэн бүсэд бараг бие даан бэлчдэг сарлаг нь сүргийн хамгийн тэсвэртэй мал бөгөөд өөх тос ихтэй сүү, нарийн ширхэгт ноолуурлаг хөөврөөрөө онцгой үнэлэгддэг.
Монгол сарлаг нь өвлийн улиралд тэжээлийн хомсдолыг тэсвэрлэн давж, хаврын бэлчээр сэргэх үед алдагдсан жингээ богино хугацаанд нөхөн сэргээх биологийн онцгой чадвартай. Энэхүү дасан зохицол нь эрс тэс байгальд амьдрах үндсэн нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Сарлаг нь бусад бод малтай харьцуулахад хүний арчилгаа, хяналт бага шаарддаг бөгөөд уулын өндөрлөг бэлчээрт хагас бие даан идээшилж, тохиромжтой бэлчээрийн эрэлд гэрээсээ нэлээд алс зайд шилжин бэлчдэг. Өвлийн хатуу ширүүн нөхцөлийг тусгай хоргодох байргүйгээр даван туулах чадвартай ч шөнийн цагаар сүргийг хот айлын ойролцоо хураан хонуулдаг. Сарлаг нь Монгол орны бүх нутагт бус, гол төлөв өндөр уулс бүхий хамгийн хүйтэн бүс нутагт тархан нутагладаг бөгөөд тэндхийн эрс тэс уур амьсгалд төгс зохицсон байдаг.
Зун, намрын улиралд сарлагийн сүрэг уулын нуга хөндий, өндөрлөг бэлчээрээр чөлөөтэй идээшилнэ. Эдгээр цэвэр байгалийн бэлчээрээс гарган авдаг тослог ихтэй сүү нь аарц, өрөм, шар тос зэрэг уламжлалт сүүн бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болдог. Үүнээс гадна сарлагийн нарийн ширхэгт, дулаан хөөвөр нь чанар, дулаан хадгалах чадвараараа олон улсын зах зээлд өндрөөр үнэлэгддэг үнэт түүхий эд юм.
13. МАЛЧИД БОЛОН НОХОД
Монгол, Италийн малчид ба тэдний ноход
Тал нутгийн уламжлалт оршуулгын зан үйлээс эхлээд Альпийн нурууны бүс нутгийн олон янзын үүлдэр хүртэл малчны ноход нь хоёр соёлд ажлын амьтан төдийгүй гэр бүлийн гишүүн хэмээн хүлээн зөвшөөрөгдөх онцгой байр суурийг эзэлдэг.
Нүүдэлчдийн зоригт хамгаалагч: Монгол ахуй дахь ноход
Монголын малчин айлууд ихэвчлэн хоёроос зургаан нохой тэжээдэг. Тэдгээрийн олонх нь бие бялдар сайтай, сүрлэг банхар үүлдрийн ноход байдаг. Нохой нь хот айлыг хулгайч, өвлийн улиралд малд халдах чоно зэрэг махчин амьтдаас хамгаалах чухал үүрэгтэй. Гэсэн хэдий ч нохой нь чоно мэт онцгойлон тахин шүтэгдэх, морь шиг эрхэмлэгдэн хайрлагдах шинжтэй биш боловч өдөр тутмын амьдралд гүнзгий шингэсэн бөгөөд ихэнхдээ гэр бүлийн нэгэн гишүүн хэмээн үнэлэгддэг.
Нүүдэлчид гөлөг сонгохдоо ихэвчлэн 45–60 хоногтой, эр гөлгийг илүүд үзэж, биеийн галбир сайтай, бараан зүстэй, цээж хэсэг нь цайвар, эсвэл нүдний дээд талдаа толботой зэрэг шинжийг харгалзан үздэг. Нүдний дээд талын толбыг “дөрвөн нүдтэй” хэмээн нэрлэх бөгөөд далд ертөнцтэй холбоотой бэлгэдлийн шинж гэж үздэг. Гөлгийг хотонд авчирсны дараа сүү уулгаж, чих болон сүүлэнд нь шар тос түрхэх заншил байдаг бөгөөд ингэснээр арслан мэт хүчирхэг өснө хэмээн бэлгэддэг.
Нохой үхсэн тохиолдолд түүнийг ихэвчлэн газарт булдаггүй, харин байгалийн жамаар ил тавьдаг. Энэхүү зан үйлийн хүрээнд нохойн аманд сүү эсвэл шар тос хийж, эцсийн өргөл болгон барин залбирал уншдаг. Мөн сүүлийг нь тайрч толгойнх нь доор байрлуулах нь дараагийн төрөлдөө хүн болон төрөхөд дөхөм болно гэсэн итгэл үнэмшилтэй холбоотой. Энэ нь хүн, нохойн хоорондын олон үе дамжсан, гүн гүнзгий сүнслэг харилцааг илтгэнэ.
Малчны үнэнч хамтрагч: Италийн мал аж ахуй дахь ноход
Италийн бэлчээр нутгуудад малчид нохойтойгоо нягт харилцаатай байж, тухайн бүс нутгийн онцлогт тохирсон төрөлжсөн үүлдэр болон сүүлийн үед өргөн дэлгэрсэн олон улсын гаралтай үүлдрийг ашигладаг. Монголын банхартай харьцуулахад Италийн мал аж ахуйд олон төрлийн нохойн үүлдэр байдаг. Үүнд сүргийг хамгаалах зориулалтаараа алдартай Мареммано-Абруццезе, мөн мал хариулах чадвараараа ялгардаг Бергамаско болон Апуаны хоньч нохой зэрэг нутгийн үүлдрүүд багтана. Орчин үеийн мал аж ахуйн нөхцөл өөрчлөгдөхийн хэрээр Италийн малчид зарим тохиолдолд гадаадын үүлдрийн нохойг ч маллагаандаа ашиглах болжээ.
Эдгээр ноход нь зөвхөн сүргийг чононоос хамгаалаад зогсохгүй хамгаалагч болон мал хариулагч гэсэн хос үүргийг гүйцэтгэдэг. Тэд мал сүргийг улирлын нүүдлийн нарийн төвөгтэй замаар чиглүүлж, малчны ажлын салшгүй хэсэг болдог. Малчид гөлгийг сонгохдоо удам угсаа, ажиллах чадвар, зан төлөв зэрэгт үндэслэдэг. Сүрэг хамгаалах нохойд хоньтой уусах цагаан зүсийг түүхэн уламжлалаар илүүд үздэг бол мал хариулах нохойг анхаарал төвлөрөл сайтай, тушаалд хурдан хариу үйлдэл үзүүлэх чадвараар нь сонгодог.
Гөлөгнүүдийг багаас нь мал сүргийн дунд өсгөж, тэдгээрийн хооронд төрөлхийн холбоо, дасал бий болгодог. Ийнхүү ноход сүрэгтэйгээ нягт уялдаатай амьдарч, уулын бэлчээрийн нүүдлийн замд малчны үнэнч, эрхэм хамтрагч болдог.
Нүүдэлчин Малчдын Бүлгүүд Ба Тэдний Ноход: Монгол, Тува, Алтайн Нохойн Генетикийн Олон Янз Байдлын Судалгаа
Монгол болон ОХУ-ын Тува, Алтайн бүс нутгийн нүүдэлчин айлуудын хотонд байдаг нохдын ДНХ-ийн шинжилгээ нь тэдгээрийн нийтлэг гарал үүслийг илрүүлж байна. Энэхүү генетикийн холбоо нь газар нутгийн хил хязгаараас илүүтэй нүүдэлчин малчдын байнгын хөдөлгөөн, харилцан солилцоогоор бүрэлдэн тогтсон бололтой.
Гэрийн нохой нь Евразийн саарал чононоос гаралтай бөгөөд ерөнхийд нь хиймэл сонгон үржүүлгээр бий болсон үүлдэр болон хүнтэй зэрэгцэн амьдрах нөхцөлд дасан зохицсон, чөлөөт үржилтэй популяци гэсэн хоёр үндсэн генетикийн бүлэгт ангилагдаж болно.Энэхүү судалгаагаар Монгол, Тува, Алтайн нүүдэлчин хот айлуудаас дээж авч, молекулын генетикийн маркер ашиглан нохдын генетикийн олон янз байдлыг судалжээ.
Судалгааны үр дүнд дээж авсан газар нутгийн хүрээнд генетикийн олон янз байдал өндөр боловч бүс нутгуудын хоорондын генетикийн ялгарал харьцангуй бага байгааг тогтоосон. Энэ хэв шинж нь олон өөр гарал үүсэлтэй нохдын популяци өргөжин тархаж, нүүдэлчин хот айлуудын хоорондын хүн, малын хөдөлгөөн болон харилцан үйлчлэлийн нөлөөгөөр нохдын генийн урсгал тогтмол явагдсаар ирсэнтэй нийцэж байна. Түүнчлэн илэрсэн митохондрийн гаплогруппуудын дийлэнх нь Европын нохойн популяциудад мөн тохиолдож байгаа нь харьцангуй сүүлийн үеийн нийтлэг гарал үүсэл байж болзошгүйг харуулж байна.
Эдгээр үр дүн нь тухайн бүс нутгийн нохдын генетикийн бүтэц, хувьслын түүхийг илүү сайн ойлгоход хувь нэмэр оруулахын зэрэгцээ хүний үйл ажиллагаа, нүүдэл хөдөлгөөн, мал аж ахуйн тогтолцоо нь нохойн генетикийн олон янз байдалд хэрхэн нөлөөлж ирснийг харуулж байна.
14. МОНГОЛЫН ЦААТАН
Цаатан
Монгол улсын умард хилийн дагуу Хөвсгөл аймгийн Ринчэнлхүмбэ, Улаан-уул, Цагааннуур сумын нутгаар тайгын бүсэд цаа буга адуулан, бөө мөргөл шүтэж ирсэн угсаатны бүлгийг цаатан гэдэг. Тувагийн Тэр нуур (Тэнгэр нуур), Улаан тайгын хавиас ирсэн, Тож тувагаас ирсэн гурван бүлэг иргэн өөр хоорондоо аялгуугаараа ялгарах бөгөөд эхний бүлэг нь Улаан-уул суманд сүүлийнх нь Ринчэнлхүмбэ, Цагааннуур суманд суурьшжээ.
Цаатанчуудын уламжлалт амьдрал нь цаа бугын аж ахуй, ан агнуур, загасчлал, байгалийн баялгийг зохистой ашиглах мэдлэгт тулгуурладаг бөгөөд улирлын онцлогт тохируулан тайгын дотор олон удаа нүүдэллэдэг өвөрмөц соёлтой. Цаа буга нь тэдний амьдралын төв бөгөөд уналга, ачаа тээвэр, сүү, арьс шир зэрэг өдөр тутмын хэрэгцээг хангахын зэрэгцээ тэдний ёс заншил, сүсэг бишрэл, байгальтай харилцах үзэл санааны салшгүй хэсэг болдог. Цаатанчуудын уламжлалт ертөнцийг үзэх үзэлд тайга, уул ус, амьтан, өвөг дээдсийн сүнсийг хүндэтгэх бөө мөргөлийн уламжлал чухал байр суурь эзэлдэг.
Өнөөдөр Монгол дахь цаатанчуудын хүн ам цөөн хэвээр бөгөөд ойролцоогоор 300–400 хүн, 80 орчим өрх тайгад уламжлалт аж ахуйгаа эрхэлж байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, тайгын экосистемийн өөрчлөлт, аялал жуулчлалын өсөлт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж зэрэг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс нь тэдний уламжлалт амьдралын хэв маягт шинэ сорилтуудыг бий болгож байна. Гэсэн хэдий ч цаатанчууд тайгын байгальтай зохицон амьдрах олон үе дамжсан мэдлэг, соёлын өвөө хадгалсаар байгаа нь Монголын соёлын олон янз байдал, дэлхийн уугуул иргэдийн өвийн чухал хэсэг юм.
15. Та нугалж хадгаж чадах ертөнц
Монгол гэрийн доторх, гаднах зүг чигийн бэлгэдэл
Монгол гэрийн гадаад, дотоод орон зай нь 4 зүг, 4 зовхис, 8 өнгө, 8 өнцөг бүхий 24 хуваариас бүрддэг. Хулгана буюу гэрийн чанх умард зүгээс хоёр тийш гэрийн хүндэтгэлийн орон зай болох хоймор байрлана. Хоймор нь гэрийн хамгийн эрхэм хэсэг бөгөөд энд хоймрын авдар, бурхан, бодисадвагийн хөргийг байрлуулдаг. Мөн гэрт орж, гардаг хий биетэн тотго, хоймор хоёрыг голлон дамжин өнгөрдөг гэж үздэг тул гэрийн хоймор голлон суухыг цээрлэдэг.
Гэрийн чанх зүүн хойд талын барс өнцөгт өрх гэрийн тэргүүний суудал, чанх зүүн талын туулай зүгт гэрийн эзэгтэйн суудал тус тус байрлана. Гэрийн эзний суудлын зүг нь эр хүний сүр хүч, хийморийг, харин гэрийн эзэгтэйн суудлын зүг нь элбэг дэлбэг, өнөр өтгөн байдлыг бэлгэддэг.
Эзэгтэйн суудлын доод талд түүний инж, идээ ундаа тавих эргэнэг, усны сав зэрэг ахуйн хэрэгслийг байрлуулдаг. Чанх урд морин зүг монгол гэрийн хаалга байрлах ба үүний баруун урд хонин зүгт малын тоног хэрэгсэл байна. Харин чанх баруун зүгт зочин гийчдийн морилох суудал байрлана.
Гэр: Археологичдод зориулсан оюуны таавар
Газарт шон зоож бэхэлдэггүй гэр нь ямар ч ул мөр үлдээдэггүй тул археологичид түүний туурийг бус, тухайн газрын хөрсний бүтэц, химийн найрлагыг тогтоохоос өөр аргагүй болдог.
Монгол гэр нь газар шороонд зоож бэхэлдэг шон ашигладаггүй тул буулгасны дараа ямар нэгэн ул мөр үлдээдэггүй. Газарт хамгийн бага ул мөр үлдээхээр бүтээгдсэн энэхүү хөдөлгөөнт сууц нь гадаргуу дээр бараг ямар ч ил харагдах тэмдэг үлдээдэггүй.
Энэхүү ул мөрийн туйлын хомс байдал нь бууц, түр буудлуудыг давхаргазүйн бүртгэлд бараг үл үзэгдэх болгож, тэдгээр нь сүүдэр мэт алга болдог. Энэ хоосон зайг нөхөхөд этноархеологийн ажиглалт зайлшгүй чухал бөгөөд ингэснээр археологичид ирээдүйн технологийг ашиглан далд ул мөрийг “уншиж”, хөрсний нягтаршил, химийн өөрчлөлт болон бичил хаягдлын тархалтын хэв маяг зэрэг нарийн шинжүүдийг шинжлэх боломжтой болно.
16. ҮЛДЭХ ОЛОН ЗАМ
Нүүдлийн замын архитектур: Италийн малчдын орон байр
Сардинийн чулуун бөмбөгөрл сууцнаас- Альпийн дүнзэн бүхээг сууц хүртэлх Италийн малчдын орон байр нь олон янзын хэлбэртэй байдаг харин монгол гэр нь нүүдлийн ахуй хэрэгцээг цогц шийдлээр хангасан бол италийн хойгт энэхүү сууцны хэрэгцээ нь бүс нутаг бүрийн онцлогт тохирсон олон арван өөр төрлөөр шийдэгдэж иржээ.
Италийн хойг болон түүний арлуудын улирлын нүүдлийн (трансхүманс) зам дагуу малчдын уламжлалт орон байр нь тухайн нутгийн байгаль, соёлын онцлогийг илэрхийлэх өвөрмөц архитектурын өв болон хадгалагджээ. Монголын тал нутгийн нийтлэг хийцтэй, нүүдлийн гэрээс ялгаатай нь Италийн малчдын сууц нь тухайн бүс нутгийн байгалийн нөөцөд тулгуурлан баригдсан бөгөөд хэлбэр, хийц нь газар бүрд өөр өөр байдаг. Эдгээрт мөчир, сөөгөөр барьсан түр хоргодох байр мөн Альпийн нуруу болон Газар дундын тэнгис орчмын цаг уурын хатуу нөхцөлд тааруулсан хуурай чулуун сүрлэг байгууламж зэрэг олон төрлийн сууц багтжээ.
Өмнөд Итали болон арлуудад малчид өрлөгийн зуурмаг ашиглалгүйгээр хуурай чулууг давхарлан өрөх эртний аргачлалаар бөмбөгөр хэлбэрийн чулуун сууц барьдаг байжээ. Үүний тод жишээ нь Сардинийн куккуру (cuccuru), Сицилийн каггьяру (cagghiaru), Апулийн казедда (casedda) юм. Эдгээр байгууламж нь зуны халуун, өвлийн хүйтэн салхинаас хамгаалах дулаан тусгаарлах өндөр чадвартай байв. Харин Альпийн нуруу болон Апенниний бүсэд малчид улирлын нүүдлийн үедээ дүнзэн бүхээг, эсвэл түр чулуун хоргодох байр (бивуак)-ыг ашигладаг байсан. Монгол гэрийн нэгэн адил эдгээр сууц нь бэлчээрийн байгаль орчинд бараг өөрчлөлт үлдээдэггүй бөгөөд байгалийн материал, орчны нөхцөлийг оновчтой ашиглан хүн, малын амьдралыг олон янзын экосистемд тогтвортой авч явах боломжийг бүрдүүлдэг байна.
17. НҮҮДЭЛ СУУДАЛ
Амьд Бэлчээр: Монголын Нүүдэлчин Ахуйн Хөдөлгөөний Хэмнэл
Зүгээр нэг тэнүүчлэн нүүдэллэдэг бус, монгол малчдын нүүдэл нь улирлын нарийн зохицол, тооцоололд тулгуурладаг бөгөөд ганц буруу нүүдэл мал сүргийн хувь заяаг шийдэх хэмжээнд хүрч болно.
Нүүдэлчин ахуй нь улирлын хэмнэлээр зохицуулагддаг. Олон зууны турш малчид өвөг дээдсээс уламжлагдсан мэдлэг, туршлагад тулгуурлан уудам нутагт нүүдэллэж, бэлчээр болон усны нөөцийг зохистой ашиглан мал сүргээ маллаж ирсэн. Нүүдлийн цаг хугацааг зөв сонгох нь нэн чухал. Цаг агаар, бэлчээрийн нөхцөл тааламжтай улиралд мал сүрэг өвлийг давахуйц хэмжээний тарга хүч, өөхөн нөөц хуримтлуулах шаардлагатай. Нүүдлийн нэг удаагийн буруу тооцоолол нь мал сүрэгт ихээхэн хохирол учруулж, улмаар малчин өрхийн амьжиргаанд ноцтой эрсдэл учруулж болзошгүй.
Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуйн улирлын нүүдэл, шилжилт хөдөлгөөн нь өндөр түвшний зохицуулалт бүхий стратеги юм. Энэ нь санамсаргүй тэнүүчлэл бус, ихэвчлэн тодорхой бүтэцтэй, улирлын мөчлөгт нүүдлийн тогтолцоо хэлбэрээр явагддаг. Нүүдэлчин өрхүүд ерөнхийдөө уламжлалт эзэмшил нутагтаа нутаглаж, хүйтний улиралд уулын бэлд байрлах, салхи шуурга болон цаг агаарын эрс тэс нөхцөлөөс хамгаалагдсан өвөлжөөндөө суурьшдаг. Өвөлжөөнд цас хайлуулж ус бэлтгэх боломжтой бөгөөд цас хангалтгүй тохиолдолд голын мөс зөөж ашиглах, худаг уснаас ус татах зэрэг арга хэрэглэдэг.
Харин зун, намрын бууц нь улирлын бэлчээр болон худаг, булаг, гол мөрөн зэрэг усны чухал эх үүсвэрийг ашиглах боломжтой хөндий, нутагт байрлана. Өвөлжөөнөөс ялгаатай нь дулааны улирлын бууц буюу зуншлага нь тогтмол биш бөгөөд тухайн нутгийн байгаль, цаг уурын нөхцөлөөс хамааран жил бүр, тэр ч байтугай нэг улирлын дотор хэд хэдэн удаа өөрчлөгдөж болно. Нүүдлийн давтамж нь экологийн бүс нутгаас ихээхэн хамаарч, нүүдэлчин өрх жилд 3-аас 30 гаруй удаа нүүдэллэх тохиолдол байдаг. Нүүдлийн зай нь хэдхэн километрээс эхлээд 150 хүртэл километрийн алсын нүүдэл байж болно.
Монголын Улирлын Нүүдлийн Үндсэн Загварууд
Монголын малчин өрхийн жилийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг дөрвөн үндсэн хэв шинжээр тодорхойлж болно: мөчлөгт, шугаман, буцалттай шилжилт, бүс нутгийн нүүдэл.
Тодорхой газар нутгийн хүрээнд улирлын дагуу нүүдэллэж, жилийн төгсгөлд анхны өвөлжөөний бүс нутагтаа буцаж ирдэг нүүдлийн хэлбэр. Энэ нь хамгийн түгээмэл нүүдлийн загвар юм.
Загвар A - Уламжлалт мөчлөгт нүүдэл
Бууц, суурьшлын байршлыг тогтоож шаттайгаар нүүж, эхлэлийн цэгээс аажмаар холдох байдлаар үргэлжилдэг нүүдлийн хэлбэр.
Загвар B - Урагш чиглэсэн шугаман шилжилт
Бууц суурингаа үе шаттайгаар өөрчилж, байгаль орчны болон бусад нөхцөл хүндрэлтэй байсан үе өнгөрсний дараа анхны нутагтаа буцаж ирдэг нүүдлийн хэлбэр.
Загвар C - Буцаж ирэх шилжилт
Өмнөх нутаг дэвсгэрээсээ бүрэн гарч, шинэ газар нутаг, өөр бүс нутаг руу байнгын эсвэл холын зайн шилжилт хийх нүүдлийн хэлбэр.
Загвар D - Бүс нутгийн шилжилт
Монголын нүүдлийн тогтолцоо нь эдгээр A, B, C, D гэсэн дөрвөн үндсэн загвар болон тэдгээрийн олон төрлийн дэд хэв шинжээс бүрддэг.
Намар — Өвөл — Хавар — Зун
Нүүдлийн Мөчлөгт Хэв Шинж
Нүүдлийн хөдөлгөөний хамгийн түгээмэл хэлбэр нь шулуун чиглэлтэй бус, харин улирал бүр өөрийн мөчлөгийг туулан нэг өвөлжөөндөө эргэн ирдэг хөдөлгөөн юм.
“Мөчлөгт нүүдэл” хэмээн нэрлэгддэг энэхүү хөдөлгөөн нь нүүдэлчин малчдын улирлын нүүдлийн хамгийн түгээмэл хэв шинж юм. Малчид уламжлалт нутаг дэвсгэрийнхээ хүрээнд улирлын нөхцөлд тохируулан нүүдэллэж, тухайн бүс нутгийн онцлогоос хамааран нүүдлийн давтамжаа өөрчилдөг.
Ерөнхийдөө малчид мал сүрэг, гэр орноо уулын бэлд байрлах өвөлжөөнөөс хаваржаа руу нүүлгэнэ. Зарим тохиолдолд өвөлжөө, хаваржаа нь нэг дор эсвэл хоорондоо маш ойрхон байрладаг. Үүний дараа зун, намрын улиралд хөндий, тал нутгийн бэлчээрт шилжиж, эцэст нь өвөлжөөндөө буцаж ирдэг.
Мөчлөгт нүүдэл нь Монголын нүүдлийн хөдөлгөөний хамгийн өргөн тархсан хэлбэр юм. Өөр өөр бүс нутагт хийсэн урт хугацааны судалгаанаас харахад эдгээр нүүдлийн зам нь цаг хугацааны явцад үндсэндээ тогтвортой хадгалагддаг хэдий ч тухайн үеийн байгаль, газрын нөхцөлд нийцүүлэн тодорхой хэмжээнд өөрчлөгддөг байна.
Тухайлбал, олон жилийн судалгаагаар нүүдэлчид мөчлөгт нүүдлийн үндсэн зарчмаа хадгалсан хэвээр боловч газрын гадарга, бэлчээрийн нөхцөл зэрэг тухайн үеийн орчны хүчин зүйлд дасан зохицохын тулд бууцныхаа яг байршлыг хэдхэн метрээр ч өөрчлөн нүүдэллэх тохиолдол бүртгэгджээ.
18. НҮҮДЭЛ СУУДАЛ
Түр Шилжилт
Ган, бэлчээрийн хомсдол нүүрлэх үед нүүдэлчин малчид нутгаа орхидоггүй харин түр хугацаанд өөр нутагт шилжин, нөхцөл сайжирмагц буцаж ирдэг. Орчин үеийн зам тээвэр энэ хөдөлгөөнийг улам хурдасгаж байна.
Түр шилжилт нь цаг уурын хэвийн бус нөхцөл, эсвэл бэлчээр, усны гэнэтийн хомсдолын үед хэрэгжүүлдэг “дасан зохицох стратеги” юм. Нүүдэлчин малчид бэлчээр, усны нөөц сайтай бүс рүү түр хугацаагаар шилжин нүүж, нөхцөл байдал сайжирмагц өөрсдийн нутаг дэвсгэртээ буцаж ирдэг. Энэхүү тэсвэрлэх, дасан зохицох нүүдлийн хэв шинж нь хүнд нөхцөлд олон зууны турш хэрэглэгдэж ирсэн байх магадлалтай.
Энэ төрлийн нүүдэл олон жилийн турш баримтжуулагдсан байдаг. Сүүлийн жилүүдэд авто зам, зам тээврийн дэд бүтэц хөгжсөнөөр малчид шаардлагатай үед мал сүргээ “моторт тээврийн хэрэгслээр” бэлчээр, усны нөхцөл илүү таатай бүс рүү зөөвөрлөх боломжтой болж, нүүдлийн арга хэлбэрт тодорхой өөрчлөлт, хялбаршил бий болсон.
Урагш Чиглэсэн Шилжилт
“Ховдын цөлд нэгэн өрх арван жилийн хугацаанд жил бүр нэг хөндийгөөр урагшлан нүүдэллэж, өөрийн нутаг дэвсгэрийн зураглалыг аажмаар өөрчилжээ. Буцах зам бүрэн хаагдаагүй ч тэд нэгэнт эхэлсэн чиглэлээ эргэн харалгүй урагшилсаар байв.”
Урагш чиглэсэн шилжилтийн хэв шинж нь маш ховор тохиолддог бөгөөд “байгаль орчны ноцтой хомсдол” мал сүргээ шинэ нутаг дэвсгэр рүү аажмаар шилжүүлэхэд хүргэсэн үед бий болдог. Ховдын хуурай бүсийн Манхан сумын нутагт зарим малчин өрх уулын дунд хэсэгт орших, ургамалжилт сайтай баян бүрдэд зуны бууц байгуулсан тохиолдол бүртгэгдсэн байна (47°06’51.23’’N, 92°49’54.96’’E).
Арван жилийн хугацаанд эдгээр өрх улирлын бууцуудаа хөндийн дагуу “жил бүр 5–15 километрээр” аажмаар урагшлуулжээ. Үүний үр дүнд нийт шилжилтийн зай “50–150 километр” хүрсэн бөгөөд буцаж ирдэггүй, ердийн бус нүүдлийн замнал бий болсон байна.
Гэхдээ энэхүү урагш чиглэсэн шилжилт нь заавал байнгын нүүдэл гэсэн үг биш. Нөхцөл байдал өөрчлөгдвөл тухайн өрхүүд “анхны нутагтаа эргэн нутаглах” боломжтой.
Алсын Зайн Шилжилт
“45 хүрэхгүй хоногт 1,700 километр: цаг уурын болон нийгмийн хямралын үед бүхэл бүтэн өрх мал сүргийн хамт монгол орныг хөндлөн туулан нэг удаагийн нүүдлээр шилжих боломжтой. Өнөөдрийн ийм нүүдлийн талаарх мэдээлэл нь эртний хүн амын шилжилт хөдөлгөөнийг сэргээн судлахад чухал ач холбогдолтой.”
Бүс нутаг хоорондын “алсын зайн шилжилт” нь цаг уурын ноцтой нөхцөл болон нийгэм, эдийн засгийн хэрэгцээнээс үүдэлтэй томоохон хэмжээний нүүдэл юм. Сүүлийн хорин жилийн хугацаанд олон малчин өрх нэг удаагийн нүүдлээр өрх гэр, мал сүргээ өөр бүс нутагт шилжүүлэн, ихээхэн зай туулсан байна. Өнөө үед хөгжсөн авто зам, моторт тээврийн хэрэгсэл нь ийм урт хугацааны нүүдлийг өмнөхөөс илүү “”хурдан, хялбар” хийх боломж бүрдүүлжээ.
Тухайлбал, 2009 онд нэг жилийн өмнө нүүдлийн замаа урьдчилан тандсаны дараа Баян-Өлгий аймгийн хоёр казах өрх “1,425 толгой малын хамт 45 хүрэхгүй хоногт 1,700 километр” зам туулж, илүү өгөөжтэй бэлчээр бүхий Могодын нутагт шилжин очжээ. Тэд өдөрт дунджаар “35–50 километр” зам туулсан байна.
Энэхүү их хэмжээний шилжилт нь нүүдлийн хөдөлгөөн хэр “уян хатан, буцаж өөрчлөгдөх боломжтой” байдгийг харуулдаг. Тухайн өрхийн нэг нь 2014 онд эх нутагтаа буцаж ирэхээр шийдсэн байна. Мөн мал маллагааны стратеги өрх бүрд харилцан адилгүй. Зарим тохиолдолд нэг өрх мал сүргээ хувааж, нэг хэсгийг нь анхны нутаг дэвсгэртээ үлдээн, нөгөө хэсгийг шинэ бүс нутагт шилжүүлэн малладаг. Орчин үеийн нүүдлийн талаарх энэхүү мэдээлэл нь эрт үед тал нутгаар явагдаж байсан “хүн амын шилжилт хөдөлгөөний цар хүрээг тооцоолон сэргээн судлахад” ч мөн чухал эх сурвалж болж чадна.
Мал аж ахуйн дасан зохицол: Төмөрбаатар, Алтанцэцэг нарын нүүдлийн замнал
“Төмөрбаатар, Алтанцэцэг болон тэдний 20 адуу, 198 ямаа, 185 хонь, 10 үхэр бүхий мал сүргийн хувьд тогтмол нүүдэллэх нь өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг юм. Ган, бэлчээрийн хомсдол нүүрлэх үед тэд 160 километр зүүн зүгт шилжин нүүж, заримдаа хатуу ширүүн өвөл, хаврын улирлыг тэндээ өнгөрөөдөг.”
Загвар B - Маш ховор тохиолддог
A) Зарим өрх өвлийг зүүн талын уулсаар өнгөрүүлж, зуны улиралд хөндийн эсрэг буюу баруун талд орших уулын баян бүрд рүү шилжинэ.
B) Зарим өрх өвөл, зуны улирлыг хоёуланг нь баян бүрдийн бүсэд өнгөрүүлдэг.
Зурагт үзүүлсэн шугам нь “маш ховор тохиолддог B загварын” шилжилтийн явцыг харуулна. 4-5 жилийн хугацаанд хэд хэдэн өрх бууц, суурьшлын байрлалаа хөндийн дагуу “зүүн хойд зүгээс баруун өмнө зүгт” аажмаар шилжүүлжээ.
Тэд өвлийг ууланд өнгөрүүлж, зуны улиралд хөндийн ёроол болон 2006 онд бүртгэгдсэн байршлуудад зусдаг байв. Жилд ойролцоогоор “5-15 километрээр” нүүсэн нь арван жилийн хугацаанд нийт “50–150 километрийн” томоохон нүүдлийг бий болгосон байна.
Улирлын байршлын жишээ
- “Зуны бууц:” 160 км баруун зүгт 7-8 дугаар сар
- “Намрын бууц:” 30-40 хоног 9 дүгээр сар
- “Өвөл/хаврын бууц:” 10 дугаар сарын 20-ноос 6 дугаар сар хүртэл
- “Site 1 (2005):” Луус, Дундговь
- “Site 3:” Шар худаг
“Тайлбар:” Эдгээр нүүдлийн хэв шинж нь Монголын нүүдэлчин мал аж ахуй нь байгаль, цаг уурын өөрчлөлтөд уян хатан дасан зохицож, бэлчээр, усны нөөц болон мал сүргийн хэрэгцээнд тулгуурлан орон зайн хувьд өөрчлөгдөн хөгжсөөр ирснийг харуулж байна.
19. НҮҮДЭЛ СУУДАЛ
Монголын Өвлийн Бууц
Өвлийн улиралд зөв өвөлжөө сонгох нь мал сүргийн онд орох эсвэл хорогдох хувь заяаг тодорхойлдог. Харин бууриа зассаны дараа өвөл нь нүүдэлчдийн амьдралын хамгийн нам гүм, эрхэм нандин улирал болон хувирдаг.
Тал нутгийн өвөлжөө сонгох стратеги
Жил бүрийн хүйтний улиралд нүүдэлчид малаа, цаашлаад бүх сүргээ алдах эрсдэлтэй тулгардаг. Иймээс өвөлжөөний тохиромжтой байршлыг сонгох, нүүх хугацааг зөв тогтоох нь онд орох үндсэн нөхцөл болдог. Монголын өвөлжөөний амьдралын хэв маяг нь олон улсын судлаачдын хувьд төдийлөн сайн судлагдаагүй сэдэв хэвээр байна. Учир нь Монголын эрс тэс өвлийн нөхцөлд нүүдэлчдийн ахуйг газар дээр нь судлахаар зорих гадаадын судлаачид цөөн байдаг билээ. Өвөлжөөний суурьшил болон түүн дэх өдөр тутмын амьдрал нь Италийн “Монголын нүүдэлчдийн бууц” (AIE/ISMEO/MAECI) төслийн судалгааны гол чиглэлүүдийн нэг юм.
Нүүдэлчид зуншлагыг бодвол өвлийн улиралд ихэвчлэн өндөрлөг газарт буудаг боловч зарим өрхүүд уулын их цас бэлчээрийг дарж, мал бэлчих боломжийг хязгаарладаг тул нам дор, эсвэл салхины хамгаалалт багатай газрыг сонгох тохиолдол бий.
Өвөлжөө сонгох үйл явц нь хэд хэдэн чухал хүчин зүйлээс хамаарна. Үүнд: нарны ээвэр, өмнө зүг рүү харсан, уул нуруугаар салхи хаасан байрлал сонгох: мөс, цаснаас усны эх үүсвэрээ хангах; ойролцоох бэлчээрийн хүртээмжийг тооцох зэрэг орно. Материаллаг нөхцөлөөс гадна зан үйл, сүсэг бишрэлийн уламжлал ч өвөлжөө сонгоход тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Эцэст нь малын зуны улиралд хуримтлуулсан тараг тэвээрэг болон зөв сонгосон өвөлжөө нь урт, хатуу өвлийг даван туулах нүүдэлчдийн гол баталгаа болдог.
Өвөлжөөн Дэх Амьдрал
Өвөлжөө нь нүүдэлчдийн хувьд жилээс жилд ашиглагдаж, үеэс үед уламжлагдан ирсэн нутагшмал орон зай юм. Өвөлжөөнд уламжлалт гэр (өнөө үед үйлдвэрийн аргаар бэлтгэсэн сууцаар аажмаар солигдож буй), адуу уях уяа, хүнс болон эд материал хадгалах жижиг байгууламж, мөн мод, чулуу, шороо, бууцаар барьсан малын хашаа, хороо байрладаг. Монголын зүүн бүс нутагт эдгээр байгууламжид шаврыг өргөн ашигладаг уламжлалтай.
Өвөлжөөн дэх амьдрал нь зуны улиралтай харьцуулахад илүү тайван хэмнэлтэй байдаг. Зуны цагт нүүдэлчид малаа хариулах, сааль саах, цагаан идээ болон айраг боловсруулах зэрэг олон төрлийн ажилд завгүй байдаг бол өвлийн улиралд эдгээр ажлын ачаалал харьцангуй багасдаг. Ялангуяа зарим эмэгтэйчүүд өвөл нь хэдий хатуу ширүүн нөхцөлтэй ч зуны улирлаас илүү амар тайван, сайхан улирал хэмээн ярьдаг.
Бид өвлийн улиралд тэдний гэрт хамт байж, өдөр тутмын амьдралыг нь хуваалцан, халуун дотно харилцааг мэдрэх дуртай. Түүнчлэн Монголын өвөл өөрөө гайхамшигтай: сэтгэлд нэгэнт хоногшсон хойно дахин ирж, үүний өнгө төрх, чимээ анир, үнэр мэдрэмжийг өөрийн биеэр мэдрэх хүсэл төрдөг.
20. НҮҮДЭЛ СУУДАЛ
Италийн бэлчээрийн мал аж ахуй: Хөдөлгөөний олон талт хэв шинж
Италийн малчид улирлын өөрчлөлтийг даган нүүдэллэхдээ зөвхөн алдартай трансхюманс буюу улирлын отор нүүдлийн уламжлалт замыг ашигладаггүй. Тус улсын нутаг дэвсгэрийн онцлог бүрд тохирсон, улирлын хэмнэлтэй уялдсан олон янзын хөдөлгөөнт мал аж ахуйн хэв шинжийг бүрдүүлэн хөгжүүлжээ.
Эртний зам дагуух алслагдсан улирлын нүүдэл буюу трансхюманс нь Италийн мал аж ахуйн хамгийн алдартай уламжлал хэвээр байгаа хэдий ч Апенниний хойг даяарх бэлчээрийн мал аж ахуй нь үлэмж олон янзын хэлбэртэй. Мал аж ахуйн уламжлал Италийн бүх бүс нутагт оршин тогтнож, тухайн газрын микроклимат, газарзүйн тогтоц, бартаатай рельеф, экологийн нөхцөл зэргээс хамааран өвөрмөц хэлбэрээр төлөвшжээ. Иймээс Италийн бэлчээрийн мал аж ахуйг хөдөлгөөнгүй, тогтсон уламжлал гэхээсээ илүүтэй орон нутгийн экологийн нөхцөлд дасан зохицсон, байнга хувьсан өөрчлөгдөж байдаг хөдөлгөөнт стратегийн олон талт тогтолцоо хэмээн үзэж болно.
Малчид хүрээлэн буй орчны онцлогт тохируулан сүргийн хөдөлгөөний хэлбэр, чиглэл, давтамжийг уян хатан зохицуулдаг. Альп болон Апенниний өндөр уулсаар нутаглах малчдын хувьд энэ нь өндөр уулын бэлчээрээс өвөлжөө, хамгаалагдсан хөндийн бүс рүү чиглэх босоо нүүдэл хэлбэрээр илэрдэг. Харин бусад нутагт далайн эргийн тэгш тал, нам дор өндөрлөгөөр богино зайд шилжин бэлчээх явуулын мал аж ахуйн хэлбэр түгээмэл байна. Италийн хойд хэсгийн толгодорхог нутгаас эхлээд Сардини болон өмнөд бүсийн бартаат, уулархаг дотоод нутаг хүртэлх эдгээр олон янзын хөдөлгөөн нь малчдын хүрээлэн буй орчинтойгоо тогтоосон гүнзгий харилцан зохицлыг илэрхийлдэг. Мал сүргийн хөдөлгөөнийг улирлын өөрчлөлттэй уялдуулснаар Италийн малчид олон мянган жилийн турш байгалийн баялаг, биологийн олон янз байдлыг тогтвортой хадгалж, газар нутгийн экологийн тогтолцоог бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ.
ПЬЕТРО МЕАЦЦА
Pascolo Vagante: Альпийн нүүдлийн малчдын сүүлчийн төлөөлөл
Ломбарди дахь Pascolo Vagante, өөрөөр хэлбэл Альпийн нүүдлийн мал аж ахуйн уламжлал нь модернизацийн үйл явцыг даван туулж, өнөөг хүртэл оршин тогтносоор байна. Аж үйлдвэржилт өндөр хөгжсөн Италийн хойд хэсэгт малчид улирлын бэлчээрээ даган нүүдэллэж, нүүдлийн амьдралын хэв маягаа хадгалсаар байгаа нь онцлог. Нэгэн цагт нийгмийн захад орших ахуйн хэлбэр хэмээн үзэгдэж байсан энэхүү мал аж ахуйн тогтолцоо нь дэлхийн олон газар уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн системүүдийн адил устаж үгүй болох эрсдэлтэй тулгарч байна. Гэсэн хэдий ч бэлчээрийн мал аж ахуй нь гүний усны нөөцийг хамгаалах, түймрийн эрсдэлийг бууруулах, хөрсний элэгдлээс сэргийлэх, биологийн олон янз байдлыг дэмжих, задгай бэлчээрийн ландшафтыг хадгалах зэрэг экологийн чухал үүрэгтэй. Үүний зэрэгцээ тухайн нутаг дэвсгэрийн соёлын онцлог, оршин суугчдын газар нутагтайгаа тогтоосон харьяалал, орон зайн мэдрэмжийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулдаг. Малчин бол ландшафтыг ажиглагч төдий бус, өөрөө ландшафтын нэгэн хэсэг юм.
Италийн сүүлчийн нүүдлийн малчид
Үйлдвэрийн барилга байгууламжийн цаана, эсвэл шинээр баригдсан орон сууцны завсар хавчуулагдсан нугад сүргийнхээ өмнө явах малчны дүр төрх өнөөдөр ч гайхшрал төрүүлдэг. Учир нь энэхүү дүр зураг бидний өдөр тутмын амьдрах орчинтой зэрэгцэн, чимээгүйхэн оршсоор байдаг.
Хонь сүргээ даган нүүдэллэх явцдаа би өөрийн төрж өссөн Варезе мужийг дахин танин мэдсэн. Урьд нь мэддэггүй байсан нуга, ой мод, жим замуудыг олж харсан. Машинаар зорчих үед зам нь ландшафтыг харах өнцгийн төвд байрладаг бол хонь сүргийг даган алхах үед зам захад шилжиж, харин нуга, бэлчээрүүд ээлж дараалан харааны төвд орж ирдэг.
Зөвхөн байшин, бетон барилгаас бүрдсэн мэт санагдах мужийн нутаг дэвсгэр үнэн хэрэгтээ ой мод, өвслөг бэлчээрээр баялаг болох нь ийнхүү илэрч, бидний эргэн тойрон дахь орон зайг хэрхэн харж, үнэлэх тухай ойлголтыг өөрчилдөг.
МАРА МИГЛИАВАККА
ХХ зуунд Зүүн хойд Италийн бэлчээрийн мал аж ахуйн хөдөлгөөнт хэв шинж
Пастораль хөдөлгөөний хэлбэрүүд нь өвлийн улиралд ашиглагддаг По голын хөндийн тэгш тал болон зуны улиралд ашиглагддаг Венетогийн Альп, Альпийн өмнөх бүс нутгуудын хооронд баримтжуулагдсан байдаг. ХХ зууны эхний хагаст хөдөлгөөн нь гол төлөв тэгш талаас уулын бэлчээр рүү чиглэсэн байсан бол ХХ зууны төгсгөл болон XXI зууны эхэн үед уулын бүсээс тэгш тал руу чиглэсэн эсрэг хөдөлгөөн бий болжээ.
Өнгөрсөн зууны 1980-аад онд хийсэн судалгаагаар По голын хөндийд бэлчээрийн мал аж ахуйн хэд хэдэн бүлэг ялгагдаж байв. Үүнд:
Жилийн турш тэгш талд суурьшин мал аж ахуй эрхэлдэг суурин малчид; тэгш талаас Лессинийн бэлчээр рүү улирлаар шилжин нүүдэллэдэг улирлын нүүдлийн малчид; Беллуно уулсаас гаралтай бөгөөд өвөл тэгш талд ирэхдээ суурин байр ашиглалгүй, тариаланчдаас худалдан авсан өвсөөр малаа тэжээдэг хагас суурин малчид; Апенниний нуруунаас ирж, улирлын хөдөлгөөнт мал аж ахуй эрхэлдэг хагас нүүдлийн малчид. Сүүлийн бүлгийн хувьд зөвхөн эрэгтэйчүүд бус, эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа улирлын хөдөлгөөнд оролцдог байсан бол бусад бүлгийн тохиолдолд гол төлөв эрэгтэйчүүд нүүдэл хөдөлгөөнд оролцдог байжээ.
САРА ЗЕККИНАТО
Марчезина: Эртний ландшафт сүргийн хөдөлгөөнөөр амьдарсаар буй нь
Далайн түвшнээс дээш 1,300 метрийн өндөрт орших, Венето болон Трентино мужийн хооронд хуваагдсан захын бүс болох Марчезинагийн тал нь XIII зуунаас хойш өндөр уулын бэлчээрийн мал аж ахуйн чухал нутаг байсаар иржээ. Палеолитын үеэс хүний оршин суух ул мөртэй энэхүү ландшафт нь Дэлхийн хоёр дайны үеийн нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлтүүдийг ч даван туулж, уламжлалт агро-пастораль өвийн ул мөрөө хадгалсаар байна. Тус бүс нутагт чулуун хашлага, хил заагийн тэмдэглэгээ, түүхэн уулын аж ахуйн байгууламж болох malghe зэрэг нь энэхүү соёлын ландшафтын материаллаг өвийг бүрдүүлдэг. Сассарийн их сургуулийн “Peripheries at the Center” төслийн хүрээнд эдгээр байгууламжаас зуу гаруйг нь бүртгэн зурагжуулсан бөгөөд өнөөгийн малчдын уламжлалт мэдлэг, дадлага нь археологийн баримтад тулгуурласан энэхүү түүхэн бүртгэлийг улам баяжуулж байна. Энэ бүхэн нь нутгийн иргэдийн газар нутагтайгаа тогтоосон танин мэдэхүй, харьяалал, орон зайн өвөрмөц мэдрэмжийг илэрхийлдэг.
Энэхүү уламжлал жил бүрийн хавар alpeggio хэмээх улирлын хөдөлгөөнөөр дамжин үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, сүргийг хөндийн дэх аж ахуйн байрнаас Марчезинагийн өндөр уулын зуны бэлчээр рүү шилжүүлнэ. Урьд нь энэ хөдөлгөөн бүхэлдээ явганаар хийгддэг байсан бол өнөөдөр зарим тохиолдолд орчин үеийн тээврийн хэрэгслийг ашиглаж байна. Зуны турш малчид сүргээ маллан хамгаалж, бэлчээрийн ашиглалтыг зохицуулан, сүү, бяслаг зэрэг уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ өвслөг бэлчээрийн задгай байдлыг хадгалж, биологийн олон янз байдлыг дэмждэг. Гэвч малчдын тоо буурах, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэх, махчин амьтдын тархалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйл энэхүү уламжлалт тогтолцоонд шинэ сорилт авчирч байна. Гэсэн хэдий ч Марчезинагийн бэлчээрээр улирлын дагуу үргэлжилсээр буй сүргийн хөдөлгөөн нь хүн, мал амьтан, уулын экосистемийн хоорондын дасан зохицол, харилцан хамаарал, зэрэгцэн оршихуйн олон зуун жилийн түүхийг өнөөдөр ч өгүүлсээр байна.
21. НҮҮДЭЛ СУУДАЛ
Италийн Төв Ба Өмнөд Адриатын Бүсийн Улирлын Нүүдэл (Transhumance)
Апеннинийн нуруу ба Адриатын эргийн тэгш талбайг холбосон бараг 3,000 км урт хуулиар хамгаалагдсан малын жимүүд нь тээврийн хэрэгслийн хэрэглээ, эдийн засгийн өөрчлөлт, далан жилийн турш үргэлжилсэн доройтлыг үл хайхран өнөө хүртэл хадгалагдсан бөгөөд ЮНЕСКО-д хүлээн зөвшөөрөгдсөн соёлын өвийн сүлжээ болон үлджээ.
ФРАНЧЕСКА ДЕЛЬ ФАТТОРЕ
Италийн Адриатын тэнгисийн эргийн Абруццо, Молизе, Апулия, Базиликата мужуудад Европын хамгийн том түүхэн мал аж ахуйн нүүдлийн сүлжээний нэг хадгалагдан үлджээ. Энэхүү сүлжээ нь Төв Апенниний нурууг Тавольере талтай холбосон, хуулиар хамгаалагдсан ойролцоогоор 3,000 км урт малын жим/маршрут (Tratturi Regi)-ээс бүрддэг. Олон мянган жилийн турш эдгээр замаар хүмүүс, мал сүрэг, бараа бүтээгдэхүүн төдийгүй мэдлэг, туршлагаа ч улирал бүр дамжуулсаар иржээ. Ингэснээр зөвхөн нүүдлийг хангаад зогсохгүй, тухайн бүс нутгийн байгаль, биологийн олон янз байдал, орон нутгийн соёлын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн байна. Өнөөдөр улирлын нүүдлийн энэхүү уламжлал нь ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвөөр бүртгэгдсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш орчин үеийн тээврийн хөгжил, эдийн засгийн өөрчлөлтийн улмаас олон зам ашиглалтаас гарсан ч уг сүлжээний ихэнх хэсэг өнөө хүртэл хадгалагджээ. 1959 оны албан ёсны газрын зурагт 14 үндсэн малын жим/ маршрут, 71 туслах зам болон тэдгээртэй холбоотой бэлчээрийн дэд бүтцийг тэмдэглэсэн бөгөөд энэ нь өнөөдөр хамгаалалт, судалгааны үндсэн эх сурвалж болсоор байна. Эдгээр tratturi буюу уламжлалт малын маршрут/жимүүд нь археологи, экологи, түүх болон өнөөг хүртэл үргэлжилж буй уламжлалт амьдралын хэв маяг нэгдэн оршдог, онцгой үнэ цэнтэй соёлын газар нутгийг бүрдүүлдэг.
ФРАНЧЕСКА ДЕЛЬ ФАТТОРЕ
Хоёр гэр бүл, хоёр зам: Абруццо ба Апулиягийн нүүдлийг хадгалан үлдсэн сүүлчийн малчид
Каррино болон Грацианигийн гэр бүлүүд нь Италийн төв өмнөд бүсэд нүүдлийн уламжлалыг өнөөг хүртэл хадгалан үргэлжлүүлж буй цөөн үлдсэн малчин өрхүүдийн төлөөлөл юм. Тэд үе дамжин өвлөгдсөн мэдлэг, ур чадвар, уламжлалыг өнөөдөр ч хадгалан хэрэгжүүлсээр байна.
Карриногийн гэр бүл жил бүр 900 орчим хонь хариулан, Тавольере талаас Даунийн дэд Апенниний нуруу хүртэл үргэлжлэх эртний Regio Tratturo Foggia–Camporeale малын нүүдлийн маршрутын/жимийн тодорхой хэсгээр нүүдэл хийдэг.
Грацианигийн гэр бүл харин 700 орчим хонь сүргийг Апулиягийн Тавольере тал болон Абруццо, Лацио, Молизегийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өндөр уулын бэлчээрийн хооронд улирал даган нүүдэллүүлдэг байна. Энэ бүс нутагт уламжлалт рикотта болон пекорино бяслагийг өнөө хэр үйлдвэрлэсээр байна.
Тэдний нүүдлийн зам, бэлчээрүүд нь Неолитын эхэн үеэс улбаатай газар тариалан, мал аж ахуйн үйл ажиллагааны археологийн үнэт дурсгалууд хадгалагдсан соёлын газар нутгийг дайран өнгөрдөг. Өнөөг хүртэл хадгалагдан үргэлжилж буй эдгээр уламжлалууд нь бэлчээрийн мал аж ахуйн нүүдлийн соёл тасралтгүй өвлөгдөн ирсний тод жишээ юм. Тэдгээр нь соёлын газар нутгийг тогтвортой хамгаалж, биет бус соёлын өвийг өвлүүлэн хадгалснаар өнөөгийн хүмүүсийг олон мянган жилийн түүхтэй холбодог байна.
ФРАНЧЕСКО КАРРЕР
Аспромонтегийн бүдгэрч буй хэмнэл
Аспромонте нь Италийн Апенниний нурууны хамгийн өмнөд хэсэгт орших уул, толгод бөгөөд далайн түвшнээс бараг 2,000 метрийн өндөрт хүрдэг. XX зууны дунд үе хүртэл энэ бүсийн ихэнх орон нутгийн иргэд холимог амьжиргааны mixed subsistence economy. эдийн засгийн нэг хэсэг болгон нүүдлийн мал аж ахуй эрхэлж байв. Мал сүргийг жилийн турш бэлчээж, өвөл тосгон орчимд, зун өндөр уулын бэлчээрт гаргадаг байлаа. Дулааны улиралд малчид pagliari хэмээх хуурай чулуун жижиг сууцанд амьдардаг байсан.
Бараг бүх айл хонь, ямаа өсгөж, зарим нь үхэр сүрэг ч малладаг байв. Мал аж ахуй нь өрхийн хэрэгцээ болон орон нутгийн зах зээлд зориулсан бяслаг үйлдвэрлэлд төвлөрч, ишиг, хургыг тодорхой улиралд худалдаалдаг байжээ. Үүний зэрэгцээ өрхийн хэрэгцээг хангах хэмжээний газар тариалан эрхэлдэг байсан бөгөөд зарим бүс нутагт алсын зайн нүүдэл ч мөн хөгжсөн байв.
Харин XX зууны хоёрдугаар хагаст Аспромонте бүс нутгийн хүн ам тасралтгүй буурснаар энэхүү уламжлалт мал аж ахуйн хэв маяг аажмаар доройтож эхэлжээ.
Марилена Оронесу
Сардини дахь улирлын нүүдэл (transhumance)
Түүхэн уламжлал болсон нүүдэл буюу Сардинийн уулсаас нам дор тал руу хийх нүүдэл нь өнөө үед бараг бүрэн устаж үгүй болжээ. Орчин үеийн малчид тээврийн хэрэгсэл ашиглаж, өвөлжөөндөө суурин аж ахуй эрхлэх болсон байна. Үүний үр дүнд эртний нүүдлийн замуудыг өнөөдөр Сардинийн явган аяллын сүлжээний нэг хэсэг болгон соёлын аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байна.
Жишээлбэл, Битти–Ольбия чиглэлийн уламжлалт зам нь Cammino di Bonaria аяллын маршрутад орох болсон бөгөөд энэ газарт хамгийн сүүлчийн явган улирлын нүүдэл (трансхүманс) 1995 оны 10 дугаар сард болсон байна. Үүнийг сэтгүүлч Марилена Оронесу баримтжуулжээ. Мөн 1950-иад онд энэхүү гурван өдрийн аяллын үеэр гэрийн аргаар хийсэн уламжлалт шаржигнуур талхыг (pane carasau) үхэр тэргээр тээвэрлэдэг байжээ.
Женнарженту уулын бүсэд орших Виллагранде–Арзана чиглэлийн замыг жил бүр аялал жуулчлалын зориулалтаар нээдэг. Өмнө нь Фонни болон Дезуло нутгийн малчид Кампидано тал руу улирлын нүүдэл хийдэг байсан бол өнөөдөр зөвхөн Лоччигийн ах дүүс Дезулогоос Лакони хүртэл явган нүүдлийн уламжлалыг үргэлжлүүлэн хадгалж, Сардинийн эртний мал аж ахуйн өвийн сүүлчийн уламжлагчид болж байна.
22. НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙН ИРЭЭДҮЙ
Евразийн бэлчээрийн мал аж ахуй ба орчин үе: Итали ба Монгол
Хэдэн мянган километрийн зайтай орших Итали, Монголын малчид газар ашиглалт, зах зээл, уур амьсгалын ижил төстэй сорилттой тулгарч байгаа ч хоёр улсын төр засаг болон олон улсын байгууллагууд бэлчээрийн мал аж ахуйг өнгөрсөн үеийн дурсгал бус, ирээдүйн тогтвортой хөгжлийн загвар хэмээн үзэж байна.
Бэлчээрийн мал аж ахуй дэлхий дахинд шинээр тодорхойлогдож байна. Итали болон Монгол Улс нь ижил төстэй дэлхий нийтийн сорилтуудтай нүүр тулж байгаа бөгөөд үүнд:
1. Газрын хуваагдал: Италид хууль эрх зүйн зохицуулалт болон хашаажуулалт нь нүүдлийг хязгаарлаж байна. Монголд уул уурхай, дэд бүтцийн хөгжил, хашаажуулалт нь уламжлалт нүүдлийн хөдөлгөөнийг хумиж байна.
2. Зах зээлийн дарамт: Үйлдвэрийн аргаар үйлдвэрлэсэн хямд бүтээгдэхүүн Италийн малчдын өрсөлдөх чадварт нөлөөлж байгаа бөгөөд тэд гарал үүслийн баталгаатай уламжлалт бяслаг (PDO), экологи, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар дасан зохицож байна. Монголын малчид уламжлалт нүүдлийн ёс зүй болон бөөний үйлдвэрлэлийн хоорондын зөрчилтэй тулгарч байна.
3. Уур амьсгал ба хүн ам зүй: Италид хэт төвөгтэй захиргааны зохицуулалт, чонын идэш тэжээлийн дарамт, хөдөө орон нутгийн хүн амын бууралт тулгамдсан асуудал болжээ. Монгол Улсад Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан байгаль орчны гамшгууд улам бүр нэмэгдэж байна.
Гэсэн хэдий ч өөдрөгөөр харах үндэслэл бий. Италийн болон Монголын Засгийн газрын урт хугацааны бодлого, мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Европын Холбоо болон олон улсын байгууллагуудын дэмжлэгийн үр дүнд бэлчээрийн мал аж ахуй тогтвортой, уян хатан хөгжлийн загвар болж эхэлж байна. Эдгээр хамтын хүчин чармайлт нь өвөг дээдсийн уламжлалыг хамгаалахын зэрэгцээ энэхүү амьдралын хэв маягийг хадгалан авч яваа малчдыг орчин үеийн нийгэмд амжилттай хөгжих боломжийг бүрдүүлж байна.
Бэлчээрийн Мал Аж Ахуйн Ирээдүйн Төлөө
Бэлчээрийн мал аж ахуй нь өнгөрсөн үеийн өв төдийгүй хүн, байгаль хоёрын зэрэгцэн орших амьдралын хэв маяг болж ирсэн үзэл санаа/философи бөгөөд түүнийг хамгаална гэдэг нь дэлхий дээр орших өөр нэгэн соёлыг хамгаалж буй хэрэг юм.
ВИЕННА ЭЛЕУТЕРИ
Бэлчээрийн мал аж ахуйн ирээдүйн төлөө ажиллана гэдэг нь өнгөрсөн үеэс уламжилсан өвийг хадгалах төдий бус, өнөө цагийн нийгэмд үнэ цэнээ хадгалсан үзэл санааг хүлээн зөвшөөрөх явдал юм. Олон мянган жилийн турш малчин нийгэмлэгүүд нүүдэлчин амьдралын хэв маяг, өөрчлөгдөж буй орчинд дасан зохицох чадвар, экосистемийн гүнзгий мэдлэг, мал сүрэг, байгаль орчин болон ирээдүй үеийн өмнө хүлээх хамтын хариуцлагад тулгуурласан амьдрах арга ухааныг хөгжүүлжээ.
Бэлчээрийн мал аж ахуйн үндэс нь зэрэгцэн оршихуйн соёл юм. Энэ нь хүн, мал сүрэг, улирлын өөрчлөлт, эмзэг экосистемийн хоорондын харилцан зохицсон харилцаанд тулгуурлан дэлхийтэй харьцах амьдралын хэв маягийг илэрхийлдэг. Өнөөдөр энэхүү уламжлалт мэдлэг нь уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн дарамт, бэлчээрийн газар нутгийн хумигдал, мөн ийм харилцан хамааралд тулгуурласан амьдралын хэв маягийн үнэ цэнийг зөвшөөрөхөд бэрхшээлтэй орчин үеийн хөгжлийн хэлбэрүүдийн нөлөөгөөр доройтож байна.
Бэлчээрийн мал аж ахуйг хамгаална гэдэг нь түүнийг өнгөрсөнд нь үлдээх бус, харин тасралтгүй оршин тогтнож, өөрчлөгдөн хөгжиж, орчин үеийн дэлхийтэй харилцан ярих боломжийг хадгалах явдал юм. Малчдын үг, дуу, яруу найрагт амьд үлдэхүй нь зөвхөн эд материалын асуудал бус, харин соёл, оюун санаа, харилцааны үнэ цэнийг хадгалах асуудал билээ. Энэхүү уламжлалыг хамгаална гэдэг нь дэлхий дээр зэрэгцэн орших өөр нэгэн амьдралын хэв маягийг хамгаалж буй хэрэг юм.
Хоёр Соёлын Хөдөлгөөн: Өнөөг Хүртэл Оршин Тогтнож Буй Нүүдэл
ЛЕТИЦИА БИНДИ, БАРБАРА МЕРКУРИО
Газар нутаг гэдэг нь зөвхөн уул болон бэлчээрээр хязгаарлагддаггүй, харин түүх, зан үйл, дурсамжийн цогц юм. Өмнө нь өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг байсан бэлчээрийн уламжлалт мал аж ахуй сүүлийн жаран жилийн хугацаанд эрчимтэй буурч, малын нүүдлийн маршрут, бэлчээр, сүү, ноос, гар урлалтай холбоотой мэдлэг аажмаар мартагдах болсон. ЮНЕСКО 2019 онд нүүдлийг биет бус соёлын өвөөр бүртгэснээр энэхүү уламжлал олон улсын түвшинд дахин үнэлэгдсэн боловч үндэсний бодлогын хувьд үүнтэй уялдан хөгжөөгүй байна. Гэсэн хэдий ч уламжлалт бэлчээрийн мал аж ахуй нь чанартай хүнс үйлдвэрлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, хөрсний эвдрэл, үерийн эрсдэлийг бууруулах, хүн, мал, байгаль орчны тэнцвэрийг хадгалах зэрэг олон зүйлсийг өнөөдрийг хүртэл бүтээсээр байна. Малчид хүн ам цөөрч буй, эмзэг дотоод бүс нутгийн гол хамгаалагчид хэвээр байна. Малчдын холбоод, сургалтын байгууллагууд, FAO-гийн Pastoralist Knowledge Hub, мөн НҮБ-аас зарласан 2026 оны Бэлчээр ба бэлчээрийн мал аж ахуйн олон улсын жил зэрэг санаачилгууд нь энэхүү уламжлалын дэлхий нийтийн ач холбогдлыг бататгаж байна.
Улирлын нүүдэл нь орон зай, цаг хугацаа, хүмүүсийн харилцааг холбосон өвөрмөц тогтолцоо бөгөөд энэ нь олон зууны турш газар нутаг болон орон нутгийн хамтын нийгэмлэгийг төлөвшүүлжээ. Энэхүү үзэл баримтлалын хүрээнд хэрэгжиж буй TRAME төсөл нь Молизе, Пуглия бүсийн улирлын нүүдлийг газарзүй, уламжлалт мал аж ахуйн бүртгэл судалгаагаар дахин тодорхойлж, түүхэн зам, дурсгал, эд өлгийн зүйл болон үе дамжсан мэдлэгийг баримтжуулж байна. TRAME нь бэлчээрийн мал аж ахуйг байгалийн болон соёлын олон янз байдлын нэгдмэл илэрхийлэл гэж үзэж, газар нутгийн/ландшафт хамгаалал, уламжлалт мал үржүүлэг, зан үйл, аман уламжлалыг хадгалан хөгжүүлэхэд чиглэдэг. Энэхүү төсөл нь эртний замыг өнөөгийн сорилтуудтай холбож, бэлчээрийн мал аж ахуйг сэргээн хөгжүүлэх, эдгээр маршрутаар өнөөдөр амьдарч буй иргэдийг дэмжих зорилготой юм.
Монгол Дагуур ба Улз голын сав газрын ландшафтын бүрэн бүтэн байдлыг дахин эргэцүүлэх нь: Монгол дахь орон нутгийн мэдлэг, уламжлалыг эрхэмлэсэн байгаль хамгааллын шинэ загварын төлөө.
НАДИА БРЕДА, САБРИНА ТОЗИ КАМБИНИ
Ландшафтын бүрэн бүтэн байдал гэсэн ойлголтын цаана олон оролцогч, ашиг сонирхол, засаглалын тогтолцоо огтлолцсон нарийн төвөгтэй бодит байдал байдаг.
Ландшафтыг хүн, амьтан болон бусад амьд оршихуй хамтран экологийн мөн соёлын тогтолцоог бүтээдэг ба үүнийг амьд харилцаанд суурилсан орон зай гэж ойлгох шаардлагатай.
Байгаль хамгааллын олон бодлого нүүдлийн мал аж ахуйг биологийн олон янз байдалд заналхийлэгч гэж үздэг боловч бодит байдал дээр нүүдлийн мал аж ахуй нь тал хээрийн экосистемтэй урт хугацаанд зохицон оршиж ирсэн, экологийн уян хатан байдал, уламжлалт мэдлэгийн тод жишээ юм.
Иймээс зорилго нь зөвхөн ландшафтыг хамгаалах бус, харин түүний тогтвортой байдлыг бүрдүүлж ирсэн экологийн болон нийгэм-соёлын харилцааг хадгалан хөгжүүлэхэд оршино.
Монгол Дагуур болон Улз голын сав газрын хувьд биологийн олон янз байдлыг хамгаалах, нүүдлийн хөдөлгөөн, нутгийн иргэдийн мэдлэг, бэлчээрийн мал аж ахуйг уялдуулсан колоничлолын бус байгаль хамгааллын шинэ загвар боловсруулах онцгой боломжийг харуулж байна.
Улирлын Нүүдэл: Малчдын Эргэн Ирэлт
ГРЕТА СЕМПЛИЧИ
Апенниний нурууны бэлчээрт үүр цайхаас өмнө хонхны дуу хадаж, шинэ үеийн малчид хонь, ямаагаа дагуулан уулын жимээр явж эхэлдэг. Агуулахын ажилтан байсан залуу, график дизайны оюутан, хотын ажлаа орхин өвөө эмээгийнхээ нутагт эргэн ирсэн эмэгтэй гээд тэдний хэн нь ч тэднийг өнгөрснөө дурсан ирж байна гэж боддоггүй. Харин тэдний хувьд бэлчээрийн мал аж ахуй нь ирээдүйг өөрөөр төсөөлөх оролдлого юм.
Сүүлийн арван таван жилийн хугацаанд Италийн Альп, Апеннин, арлууд болон дотоод бүс нутгуудад олон залуус мал аж ахуй эрхлэх болсон бөгөөд судлаачид үүнийг “шинэ тариачдын хөдөлгөөн” гэж тодорхойлдог. Тэд орхигдсон тосгод болон мартагдсан улирлын нүүдлийн замыг дахин амилуулж, эзгүйрсэн гэж тооцогдож байсан ландшафтыг сэргээж байна. Мал сүргийн хөдөлгөөнт бэлчээрлэлт нь бэлчээрийг нөхөн сэргээх, ой хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах экологийн ач холбогдолтой хэвээр байна.
Гэсэн хэдий ч энэ ирээдүй эмзэг хэвээр байна. Улирлын нүүдлийг соёлын өв хэмээн үнэлж буй ч бодит амьдрал дээр уламжлалт замууд хашаажиж, газар ашиглах боломж хумигдаж, хөдөлгөөнт мал аж ахуйд тохирсон эрх зүйн орчин бүрдээгүй, орлого тогтворгүй, дэд бүтэц хангалтгүй хэвээр байна. Ийм нөхцөлд ч малчид уур амьсгалын өөрчлөлт, хүн амын төвлөрөл зэрэг шинэ сорилтуудын дунд амьдрах шинэ арга замыг эрэлхийлсээр байна.
23. Малчдын үг
“Малчид урьдын адил газар нутгаа харж хамгаалахгүй болсноор уур амьсгал өөрчлөгдөж байна.”
СТЕФАНО БЕНАССИ, ТОСКАНА
“Өмнө нь амьдралд хил хязгаар гэж байгаагүй. Харин өнөөдөр бид хил хязгаарт хашигдсан мэт амьдарч байна.”
ЖУЗЕППЕ БАРАЛЬЮ, ЛАЦИО
“Малгүй жуулчдад зориулсан ЮНЕСКО-гийн хамгаалалтад багтсан tratturo (уламжлалт нүүдлийн зам) нь автомашингүй хурдны замтай адил.”
ПЬЕТРО Д’АННЕССА, БАРРЕА, МОЛИЗЕ
“Мал аж ахуйн талаарх хууль, бодлогыг хүнд сурталтай төрийн албан хаагчид бус малчид өөрсдөө боловсруулах ёстой.”
ЖАНКАРЛО БОСКЕТТИ, ЛУНИЖИАНА
“Малчин хүн мал маллах сэтгэл зүрх, мөн чанарыг төрөлхөөсөө тээсэн байх ёстой.”
ЖАНКАРЛО БОСКЕТТИ, ЛУНИЖИАНА
“Дэлхийн хаана ч байсан бүх малчдыг нэгэн үнэт зүйл нэгтгэдэг. Энэ нь бидний мал сүрэгтэйгээ тогтоосон ариун холбоо юм.”
ЛОРЕТТА БЕРРЕРА, ТРЕНТИНО
“Бид амьтдын талд зогсож сурах хэрэгтэй. Учир нь эрх чөлөөтэй байвал тэд ч, бид ч аз жаргалтай байдаг.”
ЛОРЕТТА БЕРРЕРА, ТРЕНТИНО
“Малчин байна гэдэг нь нэгэн хүний дотор олон үеийн турш өвлөгдөн ирсэн ур чадвар, мэдлэг, ухааныг агуулан амьдрахыг хэлдэг.”
ПЬЕТРО Д’АННЕССА, БАРРЕА, МОЛИЗЕ
“Өмнө нь амьдрал ямар ч баталгаагүй, урьдчилан таамаглахын аргагүй сорилт байлаа харин одоо бол амьдрал хавьгүй хялбар болсон.”
РЭНЧИНДОРЖ, ЖИЙРМИЙН ЦАГААН НУУР
“Өнөөдөр эмэгтэйчүүд эрх чөлөөтэй алхаж, өөрсдийн сонголтоо өөрсдөө хийдэг болсон. Харин урьд нь тэдний дуу хоолой хязгаарлагдмал байв.”
ТУЯА, МОГОД
“Би чоно үгүй дэлхийг, эсвэл малчидгүй ертөнцийг төсөөлж чаддаггүй.”
ТУЯА, МОГОД
“Өнөөдөр орчин үеийн нүүдэлчид зэрлэг зэлүүд байгальд амьдардаг ч дэлхий нийттэй харилцах боломжтой болсон.”
БЯМБАЖАВ, МОГОД
“Миний сэтгэл энэ уудам нутагт харьяалагддаг. Би нүүдэлчин амьдралд хайртай. Би энэ бүхний салшгүй нэг хэсэг.”
ГАНЗОРИГ, МОГОД
“Өнөөдөр хүмүүс төдийлөн морь унахаа больжээ. Гэвч энэ нь хүний төлөвшил, мөн байгаль, амьтадтай тогтоох харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулдаг.”
АЛТАНТУЯА, МОГОД
“Монгол орныг нүүдэлчин ахуйгаас салгаж ойлгох боломжгүй. Энэ хоёр салшгүй холбоотой.”
БОЛД, МОГОД























